Thursday, October 10, 2019

Боловсролын философи


Философийн тухай ойлголт





Философи буюу гүн ухаан нь хорвоо ертөнц ба хүний нийгмийн мөн чанар, түүнчлэн хүний амьдралын утга учирын талаар эцэслэн тунгааж, аль болох түгээмлээр зөвшөөрөгдөхүйц тайлбарыг хайж судлах ухаан юм.   Философи гэдэг нь грек хэлний " phileo" буюу дурлах, " sophia" буюу цэц мэргэн гэсэн хоёр үгний нийлбэрээс гаралтай бөгөөд "цэц мэргэнд дурлах" гэдэг утгаар хэрэглэгдэж байв.

    Философи гэдэг бол бид улам илүү мэргэн ухаантай болох, өөрийгөө гүн гүнзгий ухамсарлан улам сайн хүн болох зорилгоор үйлдэж, үнэлж цэгнэж, оюун дүгнэлт гаргаж байгаа тэр аргыг бүтээлч шүүмжлэлтэйгээр, системтэй шинжлэн судлах явдал юм.
Боловсролын философи-Энэ нь боловсролын мөн чанар, түүний үүрэг зорилго, боловсролын тогтолцоо, агуулга, үндсэн зарчим, технологи, хөгжлийн зүй тогтлын үндсэн асуудлыг гүн ухааны үүднээс судалдаг.

Боловсролын философи нь боловсролын үндсэн асуудлуудыг философийн үүднээс оновчтой тодорхойлох, нийгэм эдийн засгийн шаардлагатай уялдуулан бие хүнийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд баримталж ирсэн болон баримталж байгаа боловсролын тухай ойлголт, номлол, үзэл баримтлалын чиг хандлага, философи үндэслэлийг судлаж тогтоох зорилгыг агуулдаг.

Боловсролын философи номлолууд нь үзэл баримтлалын хувьд ардчилал, реализм, идеализм, лебиралчлал, прагматизмд тулгуурласан байхаас гадна боловсролын мөн чанар, зорилго, агуулга, багш, сурагч, сургалтын үр дүн, ач холбогдол зэргийг тодорхойлж байгаа байдлаар янз бүрийн урсгалд хуваагдаж, өөр өөрийн байр сууринаас тайлбар өгдөг.

Философийн үндсэн чиглэл

Эссенциализм. Энэ нь латин хэлний “essentia” буюумөн чанаргэсэн үгээс гаралтай. Боловсролын тухай уламжлалт үзэл санаа, арга хэлбэрүүдийг бүхнээс илүүд үздэг учраас маш консерватив чиглэлд тооцогдоно. Өнөөгийн соёл иргэншил буруу замаар хөгжиж байна. Нийгмийн хямралт байдлыг арилгаж, хүн төрөлхтний өөртөө итгэх итгэлийг дахин сэргээхийн тулд энэхүү буруу замаас ухран, анхны зөв зам дээрээ ирээд шинээр урагшилж эхлэх хэрэгтэй гэж эссенциализм номлодог.

Эссенциализм нь суралцагчдын хэт бие даасан байдал, уян хатан сургалт, багшийн гүйцэтгэх үүргийг багасгах гэх мэт шинэ үзэл баримтлалуудыг эрс эсэргүүцэж, боловсрол бол эмх цэгцтэй, гүн гүнзгий агуулга бүхий шат дараалсан, ёс жаягтай байх ёстой хэмээн үздэг байна. Ерөөсөө өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн соёл л хамгийн үнэ цэнэтэй, боловсрол нь энэ соёлыг сэргээн бататгаж, залуу үед өвлүүлэх үүрэгтэй болохоос бус түүнийг өөрчлөх ёсгүй гэдэг байна.

Экспериментализм. Энэ нь прагматизмын нэгэн төрөл юм. Боловсролын гол хүчин зүйл нь туршлага байх ёстой, боловсролыг олгохдоо суралцагчийн хувийн хэрэгцээ сонирхолтой нягт уялдуулах хэрэгтэй өөрөөр хэлбэл сурах сонирхол нь их байх ёстой, боловсролын гол зорилго бол хүүхэд өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй, итгэл үнэмшилтэй болж, түүнийгээ хамгаалж чаддаг болох явдал юм гэж экспериментализмд үздэг байна. Экспериментализмыг үндэслэсэн хүн нь америкийн эрдэмтэн Жон Дивей юм. ТүүнийАрдчилал ба боловсролзохиолыг боловсролын философийн талаарх анхны бүрэн хэмжээний бүтээл гэж үздэг. Тиймээс энэ хүнийг заримдаа орчин үеийн боловсролын философийг үндэслэгч хэмээн тооцдог байна.

Түүний үзэл баримтлалын үндсэн агуулгыг өөрийнх нь хэлсэн дараах үгс тодорхойлж өгнө. “Сургууль нь залуу хүний идэвхтэй үйл ажиллагааг багасгаж, бусдын хийсэн нээлтүүдтэй ээлж дараалан танилцуулах ёсгүй. Түүний гол үүрэг бол хэрэгтэй хэрэггүй олон хичээлээр цаг үрэхийг болиулж, харин сургалтыг ашигтай удирдан явуулахын тулд тусгайлан сонгож авсан практик үйл ажиллагаанд сурагчдыг хамруулах явдал юм. Өнөө үед туршлагын шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, онолын хичээлийн давамгайлсан байдлыг сүрхий багасгаж байна. Энэ нь зөвхөн бие даасан үйл ажиллагааны дүнд л жинхэнээр танин мэдэж чаддаг гэдгийг харуулж байна. Хэрэв ямар нэг юмс үзэгдлийн учрыг олохыг хүсвэл янз бүрийн нөхцөлд түүнийг туршиж сурах хэрэгтэй юм. Дадлагын арга дээр үндэслэсэн ийм сургалт боловсролын системд нэвтрэх ёстой”.

Дивейн философиос үргэлжлүүлэн дурдвал, амьдралын агшин мөч бүр өөр өөрийнхөөрөө дахин давтагдашгүй байдаг. Тиймээс ямарваа нэг ерөнхийлсөн онол, сургаал бол үндсэндээ харьцангуй чанартай юм. Харин өөрийн ажиглалт, судалгаанд тулгуурлан гаргаж ирсэн онол бол чухал. Амьдралд ч хэрэг болно. Янз бүрийн бэрхшээлийг даван туулсан хүн арвин туршлага хуримтлуулсан байдаг шүү дээ. Ингэж амьдралын туршлага олж авах явцдаа мэдлэг эзэмших процесс бол боловсрол юм.

Гүн ухааныг бүхэлд нь боловсролын тухай ерөнхий онол хэмээн үзэж болно. Яагаад гэвэл тэр нь байгаль, нийгэмтэй ухаалаг, хүндлэлтэй харьцах тухай үргэлж номлож байдаг.
Хүний амьдрал бол тэр чигээрээ туршилт юм. Олон ийм туршилт нийлж хүний амьдралын дадлага туршлагыг бүрдүүлнэ.

Жон Дивей аливаа асуудлыг шийдвэрлэх 5 шат бүхий аргыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр томъёолсон байна. Энэ нь:
  1. Асуудлаа сайтар судлах
  2. Асуудлаа тодорхойлох
  3. Асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн таамаглал дэвшүүлэх
  4. Таамаглал болгоноо урьдын туршлага дээр тулгуурлан судалж үзэх
  5. Тэдгээрээс хамгийн магадлангуйг нь шалгах гэсэн алхмуудаас тогтох ажээ.
Экзистенциализм. 20-р зуунд сүрхий дэлгэрсэн гүн ухааны урсгал бол экзистенциализм (“existentia” – “оршин байхгэсэн латин үг) юм аа. Экзистенциализмын гүн ухааны номлол нь ямар нэгэн зорилго, үзэл санаанд баригдалгүй бүрэн чөлөөтэй амьдрах явдал ажээ. Хүн энэ хорвоод оршин байна гэдэг л юу юунаас илүү чухал, бусад нь бүгд хийсвэр, утга учиргүй зүйлс гэж экзистенциализм үздэг байна. Иймээс хүний амьдралд тохиолдож болох янз бүрийн эгзэгтэй агшнуудыг онцгойлон анхаардаг байна. Жишээлбэл зайлшгүй үхэлтэй тулгарсан хүний хувьд амьдрал бүхэлдээ, үгүй ядахдаа л түүний олж авсан боловсрол ямар ч утгагүй болдог шүү дээ гэжээ.

Тийм ч учраас экзистенциализм нь аливаа шинжлэх ухааны (ялангуяа байгалийн) ач холбогдлыг үгүйсгэж, хүнийг физик, хими, биологийн судлагдахуун мэтээр авч үзэхийг эрс эсэргүүцдэг. Бие хүний оюун санаа, дотоод сэтгэлийн ертөнц л хамгийн эрхэм. Хүний амьдрал бол байгальд явагдаж буй ямар нэг жам ёсны процесс биш, харин дахин давтагдашгүй онцгой зүйл юм. Энэ эрхэм чанарыг нийгэм үгүй хийж, зүрх сэтгэлгүй автомат болгон хувиргахыг зорьдог хэмээн номлодог байна.

Боловсролын эцсийн үр дүн бол бие хүний төлөвшил байх ёстой гэж экзистенциализм үзнэ. Тиймээс зүгээр л оюутанд мэдлэг дамжуулж буй процессыг нэг их чухалчилж үзэхгүй. Харин олж авсан мэдлэг, төсөөлөл нь тухайн хувь хүний оршихуйд яаж нөлөөлж байгааг гойд сонирхдог. Юмс үзэгдлийн тухай бодит мэдлэг байж болохыг хүлээн зөвшөөрдөг ч энэ нь хүнд хэр ач холбогдолтой байна вэ гэдгийг үл харгалзан түгээх нь утгагүй гэдэг байна.

Боловсролын байгууллага нь аливаа албадлага, тушаал зааврын хэрэглээнээс ангижрах хэрэгтэй. Суралцагчид өөрсдийн сонголтоор суралцах нь чухал. Жинхэнэ хүмүүнлэг боловсрол бол өөрийгөө бүрэн эрхт субъект гэдгийг нь оюутанд мэдрүүлж, хувийн сонголт хийх чадвартай болгох ёстой байна. Тиймээс экзистенциалист чиглэлийн боловсролд, бие хүний ёс суртахуун, сэтгэл санааны хөгжилд илүү сайнаар нөлөөлдөг гэсэн утгаар нь байгаль, нийгмийн ухаанаас илүүтэйгээр хүмүүнлэгийн суртал, урлаг давамгайлдаг ажээ.

Боловсрол нь байгалийн хуулиудыг судалж бус харин хүний мөн чанарыг таньж мэдэхээс эхлэх ёстой. Бэлэн хөндий, тусгаар мэдлэгээс биш харин өөрийнхөөБи”-г таньж ойлгохоос эхлэх ёстой гэдэг байна.

Хүүхдүүд энэ хорвоод ирэхдээ хожмын амьдралаа хүссэнээрээ бүрдүүлэх бүрэн эрх чөлөөтэй байдаг. Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, мэдрэмжтэй тэднийгчи ийм болох ёстой, чи тийм байх хэрэгтэйгэх мэтээр ямар ч бодлогогүй шахаж, шаардаж болохгүй ээ. Багш хүний үүрэг бол дараах үндсэн мэдрэмжүүдийг сурагчдаа хүртээх явдал. Эдгээр нь:
  • Би сонголт хийх ёстой. Өөрийн амьдралын замыг би өөрөө л сонгоно.
  • Би эрх чөлөөтэй хүн. Амьдралын зорилгоо би өөрийн дураар тодорхойлно.
  • Өөрийн хийсэн сонголтын төлөө би өөрөө л хариуцлага хүлээнэ гэсэн ойлголтууд юм.
Чөлөөт уур амьсгалд л энэ бүхэн хэрэгжинэ. Тиймээс шаталсан захиргаа, сурагчдыг бүрэн удирдсан багш нар болон сурлагын амжилтыг ёсчилж тогтоох стандарт гэж боловсролын байгууллагуудад байх ёсгүй. Үүнээс улбаалаад шалгалт, үнэлгээний хэрэг байхгүй болно. Сургах процессын үндэс нь сурагч өөрийгөө зөв нээх явдал байна.

Дүрэм журманд хэт баригдаж, янз бүрийн сахилгын арга хэмжээ хэрэглэдэг болохоороо өнөөгийн сургууль нь сурагчийн зан төлөв, танин мэдэх дур сонирхол, бүтээлч чадвар зэргийг эвдэн, бие хүний хувьд өсч хөгжихөд нь саад болж байна. Сурган хүмүүжүүлэгч бол оюутныг өөрийгөө удирдан хөгжихөд нь л чиглүүлэгч байна. Суралцагч өөрийн эрх чөлөөний хүрээнд ухамсартай шийдвэр гаргаж чадах тийм орчныг багш бүрдүүлэх ёстой. Судалж буй зүйл нь сурагчийн хувьд тодорхой учир утгатай байх ёстой. Мэдлэгийг зүгээр л хүлээн авах биш түүнийг өөрийн биеэр туулж мэдрэх ёстой. Багш боламьтан сургагчбиш, дасгалжуулагч ч биш, зааварлагч ч биш. Харин оюутантай тэгш эрхт харилцаа тогтоогч, харилцан яригч.

Экзистенциалист чиглэлийн үзэл санааг анх 19-р зуунд үүссэн гэх бөгөөд тухайн үеийн нэртэй гүн ухаантнууд Киркгард, Ницше нартай холбож үздэг байна. 19-р зууны сүүл, 20-р зууны эхээр бие даасан урсгал болон гарч иржээ. 20-р зууны экзистенциализмын томоохон төлөөлөгчид нь Мартин Хайдеггер, Жан Поль Сартр нарын сэтгэгчид болно. Тухайлбал сүүлийн хүн бол “existence precedes essence” буюумөн чанарын урьтал нь оршихуй” (үүнийгбид төрөөд оршиж байгаа нь үнэн, бусад нь дагавар зүйлсхэмээн ойлгоно) гэсэн экзистенциализмын сонгодог томъёоллыг хэлсэн ажээ.

Постмодернизм. Модерн гэдэг үгөнөөгийн”, “орчин үеийнгэсэн утгыг агуулдаг. Харин түүхийн болон философийн шинжлэх ухаанд, Сэргэн мандалтын үеэс өнөөдрийг хүртэлх хугацааг модерн цаг, энэ хугацаанд бүрэлдэн бий болсон байгаль, нийгмийн талаарх цогц төсөөллийг (буюу тогтсон хэв маяг, сэтгэлгээг) модернизм гэж нэрлэдэг байна. Постмодернизм гэдэг нь орчин цагийн бодит байдалд шинжлэх ухаан, соёл, боловсрол, нийгмийн оюун санаа гээд ерөөсөө бүх л зүйл утга учраа алдан, нөөц боломжоо шавхаж дууссан, тиймээс цаг үеэ өнгөрөөсөн энэ бүх үзэл суртлаас салж ангижрах хэрэгтэй гэсэн үзэл баримтлал юм. Орчин үеийн соёл иргэншлийг бүхэлд нь юм уу хэсэгчлэн шүүмжилж, таагүй ханддаг философичид энэ чиглэлд хамаарна.

Постмодернизм нь шаталсан засаг захиргаа, захирагдах ёс, аливаа тогтсон хэм хэмжээ гэх мэтийг үгүйсгэж, бүр үзэн ядаж, хүний амьдралыг ямар ч ёс зүйн горим, шинжлэх ухааны зарчим зэргээр удирдах ёсгүй, тэгэх юм бол энэ нь хүний үнэмлэхүй эрх чөлөөнд халдсан хэрэг болно гэж үздэг байна. Тэгээд ертөнцийг объектив хуулиуд үйлчилдэг, шалтгаант чанарын дараалалд захирагдагч механизм мэтээр дүрсэлдэг орчин цагийн төсөөллүүдийг постмодернизм гол дайснаа гэж тооцно. Ерөөсөө жинхэнэ зөв соёл иргэншил байгуулахад садаа болж буй гол хүчин зүйл нь модернизм юм гэдэг байна.

Юмс үзэгдлийн тухай аливаа ойлголтуудын хоорондох зааг ялгааг (шинжлэх ухаан ба хар ухаан, өрнө ба дорно, эрэгтэй ба эмэгтэй хүн, сонгодог ба гудамжны урлаг гэх мэт) арилгаваас туйлын шударга хэрэг болно гэж бас номлодог ажээ. Ялангуяа шинжлэх ухааныг хөрөнгөтөн нийгмийн үр дагавар гэх бөгөөд харин хөрөнгөтөн нийгэм бол үеэ өнгөрөөсөн оршин тогтнох хэлбэр юм, яагаад гэвэл нийгмийн нэг хэсэг нь нөгөө хэсгээ дарангуйлан захирах боломжийг үг дуугүй хүлээн зөвшөөрдөг гэсэн байна.

Сурган хүмүүжүүлэх ухаан дахь постмодернист чиглэлийг шүүмжлэлт сурган (critical pedagogy) хэмээн нэрийднэ. Энэ урсгал үнэхээр өнөөгийн нийгэм, сургуулийн тогтолцоог хүчтэйгээр, бүр улс төрийн өнгө аяс оруулан шүүмжилдэг байна. Үүнээс нь дурдвал, өнөөдрийн сурган хүмүүжүүлэх болон боловсрол олгох үйл хэргийн гол зорилго нь одоо оршин байгаа тэр тогтолцоо, нөхцөлд суралцагчийг дасан зохицуулж, нийцүүлэх явдал байна. Сургууль суралцагчийг хэрхэн төлөвшүүлж байна вэ гэдэг асуудалд шүүмжлэлтэй хандаж буй байдал эдүгээгийн техникт захирагдсан (технократ) сурган хүмүүжүүлэх боловсролд огтхон ч алга аа. Боловсрол дахь ардчилал бол туйлын эмзэг зүйл, тиймээс түүнийг үхэн хатан хамгаалах хэрэгтэй гэсэн ойлголтын цаана багшлах ур чадварын асуудал орхигдоод байна гэх мэт болно.

Постмодернистуудын үзэж буйгаар бол, модернист сурган хүмүүжүүлэгч (өөрөөр хэлбэл одоогийн боловсролын салбарт ажиллагч багш) өөрийн зааж байгаа зүйлийг бодитой үнэн гэсэн бат итгэлтэй байдаг аж. Ийм хандлага нь боловсролын салбарт өнөөдөр гарч буй хямралт байдлын нэг эх үүсвэр болдог гэнэ. Өөрөөр хэлбэл сурган хүмүүжүүлэх аливаа чиглэл хөдөлгөөнгүй царцсан мэт зогсонги байдалд орж, өөрийгөө хянан засварлаж чадахгүй, хүсэхгүй байна, үүнийг өөрчлөх ёстой хэмээн критик сурган үздэг юм.

Этгээд үзэл санаа бүхий постмодернизмын нэртэй төлөөлөгчид нь Айвин Иллич, Пауло Фрейре гэх мэт эрдэмтэд байдаг ажээ. Тухайлбал америкийн эрдэмтэн Айвин ИлличСургуульгүй нийгэмхэмээх номондоо, ямар ч сургууль байхгүй тийм нийгмийг байгуулснаар модернизмыг устгаж чадна, тэгснээрээ хүн ба нийгмийн алгуур мөхлийг (деградаци) зогсоох боломжтой гэсэн санааг өгүүлсэн байна. Тэгвэл бразилийн эрдэмтэн Пауло ФрейреДарлагдагсдын сургангэдэг номондоо, өнөөгийн гол тулгамдсан асуудлууд бол хүмүүс нэг нэгнээ дарангуйлан ноёлж буйгаас үүдэн нийгэм хүмүүнлэг шинжээ алдаж байгаа явдал гэжээ. Нийгэм нь бие хүнийг эдийн засгийн, улс төрийн, соёлын хараат байдалд оруулж, “өнөө маргаашийн талхны мөнгөний хойноос гүйсэн амьтанболгон хувиргаж байна, боловсролын тусламжтайгаар иймбохирнийгмийг өөрчлөх боломжтой, үүний тулд боловсрол өөрчлөгдөх ёстой гэсэн байна.


No comments: