Thursday, October 10, 2019

Боловсролын эрх зүй


Боловсролын эрх зүй гэдэг нь иргэдэд үндсэн хуулиар олгосон сурч боловсрох эрхийг хэрэгжүүлэх явцад Боловсролын салбар дахь олон талт нийгмийн нийтлэг харилцааг зохицуулах, иргэн бүрт сурч боловсрох таатай орчин бүрдүүлэхэд туслан баталгаажуулах эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогц тогтолцоо юм.

Боловсролын эрх зүйн тогтолцоо нь боловсролын эрх зүйн хэм хэмжээг тогтоосон дараах баримт бичгүүдээс бүрдэнэ. 

Монгол улсын үндсэн хууль нь Монгол улсын иргэдийн сурч боловсрох эрхийг баталгаажуулсан эрх зүйн үндсэн эх сурвалж. Энэ хуульд:
-          Иргэн бүр сурч боловсрох эрхтэй
-          Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно.
-          Иргэд эх хэлээрээ суралцах эрхтэй
-          Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллаж болно.
-          Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний үүрэг мөн гэх зэргээр заасан
-          Улсын их хурлаас холбогдох хууль тогтоомжийг батлан мөрдүүлдэг
-          Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого
-          Боловсролын тухай багц хуулиуд
-     Боловсролын тухай хуульд боловсролын зорилго, үндсэн зарчим, боловсролын талаар баримтлах төрийн бодлого, боловсролын тогтолцоо, боловсролын харилцаанд оролцогчдын нийтлэг эрх, үүргийг хуульчлан заав
-  Бага дунд боловсролын тухай хуульд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын зорилго, агуулга, зохион байгуулалт, удирдлагын субьектууд, багш сурган хүмүүжүүлэгчдийн нийтлэг эрх үүргийг тодорхойлов.
-   Дээд боловсролын тухай хуульд дээд боловсролын зорилго, агуулга, дээд боловсролын байгууллагын бүтэц, сургалтын зохион байгуулалт, энэ харилцаанд оролцогчдын нийтлэг эрх үүргийг хуульчлан заав
-  Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго, бүтэц, удирдлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохиохн байгуулах зэрэг үйл ажиллагаанд оролцогчдын нийтлэг эрхийг хуульчилсан.
- Түүнчлэн боловсролын салбарт ажиллагсдын хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалтыг тогтоосонхөдөлмөрийн хууль, төрийн албаны тухай хуульзэрэг нь боловсролын эрх зүйн сурвалж болдог.
-  Монгол улсын засгийн газраас боловсролын салбарын талаар гаргасан тогтоолууд нь боловсролын эрх зүйн эх сурвалж болдог.
-       Гэгээрлийн яамнаас салбарын хэмжээнд явуулах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гаргасан шийдвэрүүд нь эрх зүйн баримт, эх сурвалж мөн.
-  Аймаг нийслэлийн ИТХ-аас гаргасан тогтоол, засаг даргын захирамж, боловсролын төвийн захиралын тушаал гэх мэт эрхийн актууд нь тухайн орон нутагт хүчин төгөлдөр мөрдөгддөг.
-     Боловсролын үйлчилгээний анхан шатны байгууллагын (сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчид) хэмжээнд дагаж мөрдөх эрх зүйн актыг баталдаг.  Сургуулийн дотоод дүрэм, заах аргын нэгдлийн ажиллах журам гэх мэт.

Эрх зүй

Эрх зүй гэдэг бол нийгмийн харилцааг зохицуулах зорилгоор төрөөс тогтоож зөвшөөрсөн түүний засаглалын хүч дэмжлэгээр хамгаалагдсан заавал биелэгдэх шинжтэй, уг харилцаанд оролцогчдын дагаж баримтлах зан үйлийн журмыг тодорхойлсон систем мөн.
Эрх зүй нь нийгмийн амьдралд дараах байдлаар нөлөөлдөг.
ü  Эрх зүй нь нийгмийн хамгийн гол, нийтлэг харилцааг зохицуулахдаа түүний бүхий л хүрээнд хүрч үйлчилдэг.
ü  Уг харилцаанд оролцогчдын эрх үүргийн хэм хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэрийг тогтоосноор нийгмийн зохион байгуулалтыг хангах гол үүргийг гүйцэтгэдэг.
ü  Нийгмийн гишүүдийн биеэ авч явах байдлын горим, зан үйлдээ баримтлах ухамсар, соёлын хэр хэмжээнд нөлөөлснөөр соёл иргэншлийн үнэт зүйл болдог.
ü  Нийгмийн харилцааг аливаа зүй бус хандлага, хөндөгдлөөс хамгаалахад төрийн албадлага онцгой үүрэгтэй бөгөөд түүнд нь эрх зүй үйлчилж, тус улсын аюулгүй байдлыг хангахад шийдвэрлэх нөлөө үзүүлдэг.
ü  Эрх зүй нь нийгмийн эмзэг давхрааг төрийн зүгээс хамгаалахад идэвхтэй үйлчилж оролцдог байна.
Боловсролын эрх зүй

Нийгмийн мөнхийн үзэгдэл болсон боловсрол нь үе үеийн туршид хүн төрөлхтний оршихуйн үндэс болж ирсэн бөгөөд нийгмийн цөм шинжтэй харилцаа болдгийнхоо хувьд зохицуулахыг шаардсан олон асуудалтай тулгарч ирсэн юм. Хүмүүс байгальтай болон хоорондоо харьцан хөгжин дэвших түүхэн урт замдаа сайн муу их зүйлийг сурч мэдсэн байдаг. Сайн нь хүний нийгмийг урагшлуулан хөгжүүлж, тэдний амьдрах орон зайг тэлж, таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг. Тухайлбал хүн зэвсэг хийж, гал хэрэглэж сурснаас эхлээд сансрын хөлөг бүтээж, компьютер зохион бүтээсэн нь хүний амьдралын өнгө төрхийг үе үедээ үндсээр нь өөрчилж ирсэн. Харин муу нь хүний нийгмийн дархлалыг сулруулж, өөрсдөд нь аюул занал учруулдаг.

Эдгээр сайн муу зүйлстэй холбоотой харилцааг зохицуулах гол механизм нь боловсролын эрх зүй болоод байна. Тухайлбал үе үеийн боловсролын тухай хууль тогтоомжоос харахад сургалтын агуулгыг тодорхойлон зааж, хуульчлан стандартчилж өгсөн байдаг нь үүнтэй холбоотой юм.

Боловсролын эрх зүй бол боловсролын харилцаанд оролцогчдын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэдийн сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулах, боловсролын тогтолцоо, үндсэн зарчим, агуулга стандарт зэргийг заасан, төрөөс тогтоож зөвшөөрсөн, түүний засаглалын хүч дэмжлэгээр хамгаалагдсан, заавал биелэгдэх шинжтэй, уг харилцаанд оролцогчдын дагаж баримтлах зан үйлийн журмыг тодорхойлсон тогтолцоо юм. Монгол улсын боловсролын эрх зүйн тогтолцоо нь дараах 3 бүлэг эрх зүйн актуудын нэгдмэл цогцоос бүрдэнэ.
1.      Нийтлэг буюу төрийн эрх зүйн шинжтэй актууд-төрөөс иргэнтэй харилцахтай холбогдсон эрх зүйн хэм хэмжээнүүд багтана.
2.      Тусгай эрх зүйн шинжтэй актууд-боловсролын харилцаанд орсноор нийгмийн дотор адил тэнцүү эрх, үүрэг бүхий субъектүүдийн хооронд үүссэн харилцааг зохицуулах норматив актууд.
3.  Боловсролын харилцаанд оролцогчлын хоорондын эрх зүйн харилцаа зөрчигдсөнөөс үүссэн, төрийн албадлага хэрэглэхтэй холбогдсон хэм хэмжээнүүд багтана.
Боловсролын эрх зүйн тухай асуудалд түүний эрх зүйн орчны тухай зайлшгүй авч үзэх хэрэгтэй. Энд бид эрх зүйн орчин гэдгийг доорх байдлаар ойлгож тодорхойлж болно.

Төрөөс тогтоон зөвшөөрсөн тэрхүү хууль, эрхийн актууд нь тодорхой механизмуудаар дамжин иргэддээ буюу нэгждээ хүрч үйлчлэх ёстой. Эргээд төр механизмуудаараа дамжуулан иргэдээсээ буюу нэгжүүдээсээ шаардлага, дэмжлэгээ авч өөрчлөн шинэчлэх, боловсронгуй болгох эсвэл бататган бэхжүүлэх ажлаа хийх ёстой. Энэхүү хууль эрхийн актууд, түүнийг хэрэгжүүлэх механизм, иргэд, нэгж байгууллагуудын харилцан холбоо нь эрх зүйн орчинг жинхэнэ утгаар нь бүрдүүлэх юм.

Боловсролын эрх зүй салбар эрх зүй болох нь
Монгол улсын боловсрол эртнээс тодорхой эрх зүйн зохицуулалтанд оржээ. Харин бид боловсролын эрх зүй нь салбар эрх зүй болохынхоо хувьд эх үндэс нь Богдт хаант Монгол улсын үеэс тавигдсан бөгөөд хөгжлийн тодорхой үеүдийг дамжин “...эдүгээ Монгол улсад үйлчилж буй хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, зохицуулах зүйл, зохицуулалтын арга, хууль тогтоомжийн бааз суурь гэсэн шалгуураар авч үзвэл /11,382/ тус улсын эрх зүйн тогтолцооны бүрэлдэхүүнд орохэрийн цээндхүрчээ гэж үзэж байгаа юм.

Боловсрол эрх зүйн зарчим
Боловсролын харилцааг эрх зүйгээр зохицуулахад баримтлах үндэслэлүүд болох хццль зүйн үндсэн чиглэмжийг боловсрол эрх зүйн зарчим гэж тодорхойлж болно. Эрх зүйн зарчмуудыг нийтлэг ба тусгай зарчим гэж хуваан үздэг. Нийтлэг зарчмыг нийгмийн бүх харилцааг зохицуулахад баримталдаг бол тусгай зарчмыг зөвхөн нийгмийн тухайн харилцааг зохицуулахад баримталдаг.

Нийтлэг зарчмууд:
Ø  Тэгш эрх, шударга ёсны зарчим: хүнийг аливаа зүйлээр ялгаварлан гадуурхахгүйгээр хууль, шүүхийн өмнө адил тэгш эрх үүрэгтэй оролцох боломжоор хангасан байх явдал бөгөөд үүнийг хангаснаар шударга ёсны зарчим биеллээ олно.
Ø  Хүмүүнлэг, ардчилсан ёсны зарчим: Хүн төрөлхтний хамгийн үнэт зүйл болох хүнийг хайрлан хамгаалж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хүнийг хөгжүүлэх явдал бөгөөд нэр төр, алдар хүнд, ашиг сонирхлыг хамгаалж, нийгэм төрийн үйл хэрэгт олон түмнийг бүрэн жигд оролцуулах боломжоор хангах.
Ø  Хуулийг дээдлах зарчим: Нийгмийн  харилцааны зохицуулалтанд хуулийн тэргүүлэх нөлөөг хангаж, түүнийг дээдлэн сахих, хуулинд захирагдах зэрэг үндсэн агуулгаар илэрнэ.
Ø  Эрх үүргийн нэгдлийг хангах зарчим: Нийгмийн харилцаанд оролцогчид зөвхөн эрх эдлэхээс гадна үүрэг хүлээж оролцдог бөгөөд энэ хоёрын аль нэг нь дангаараа байх нь тухайн эрх зүйн хэм хэмжээг утгагүй болгодог.Чухамхүү эрх үүрэг харилцан нэгдэлтэй байж чадсанаар эрх зүйн зохицуулалт үйлчлэх боломжоор хангагдана.
Ø  Гэм буруугийн төлөө хариуцлага хүлээх зарчим: Эрх зүйн хэм хэмжээ зөрчигдсөнөөр хүн, нийгэмд хохирол учирдаг тул тухайн зөрчил гаргасан буруутай этгээдэд зохих цээрлэл үзүүлэх нь шударга ёсонд нийцнэ.Нэгэнт бусдад хохирол учруулж, бусдын эрхийг зөрчсөн үед зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалахад энэхүү зарчмын агуулга оршино.
Тусгай зарчмууд нь боловсролын эрх зүйгээр зохицуулах үндсэн харилцаанд баримтлах зарчмууд болно.Үүнд:
ü  Боловсролын төрийн ивээл хяналтанд байх;
ü  Иргэдэд суурь боловсрол заавал эзэмшүүлэх;
ü  Иргэдэд ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох;
ü  Боловсрол эзэмшүүлэх арга хэлбэр, зохион байгуулалт олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байх;
ü  Монгол улсын иргэдийги эх хэлээрээ сурч боловсрох;
ü  Боловсрол  нь үндэсний болон хүн төрөлхтний өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурласан байх;
ü  Тасралтгүй байх;
Эдгээр зарчмууд нь Монгол улсын боловсролын тухай хуульд тусгалаа олсон байдаг.


Боловсролын эрх зүйн зохицуулах зүйл

Хүний боловсрол олж авахтай холбогдсон харилцааг зохицуулж байсан хэм хэмжээнүүдийг бид зан заншлын уламжлалт ба шашны гэж хувааж үздэг. Үүнээс гадна олон тохируулгаар зохицуулж болох бөгөөд хүний нийгмийн хөгжил дэвшил гүнзгийрэхийн хэрээр нийгмийн харилцаа улам олон талтай, нарийн нийлмэл болж байгаа нь боловсролын харилцааг ч тойроогүй юм. Ялангуяа нийгэм судлаачдын тодорхойлсноорНэг улс-хоёр иргэншилтогтолцоотой болж  ирсэн манай улсын боловсролын харилцаанд шийдвэрлэх олон асуудал тулгарсан билээ.

 Боловсролын харилцаанд оролцогчдын харилцан үйлчлэлийн явцад тэдний хооронд үүссэн нийгмийн бусад харилцаануудаас ялгаатай харилцааг зөвхөн боловсролын эрх зүй л зохицуулах болно. Үүнд: боловсролын харилцаанд оролцогчдын эрх үүрэг, хүлээх хариуцлага, боловсролын санхүү, эдийн засаг, удирдлага, материаллаг баазын тухай асуудлууд гэх мэт. Гэхдээ энэ нь боловсролын харилцаатай холбоотой аль нэг төрлийн асуудлыг бусад салбар эрх зүйгээр зохицуулахыг үгүйсгэж байгаа хэрэг огт биш бөгөөд харин ч боловсрол судлал бол шинжлэх ухаануудын дифференцалчлалын үр дүнд төрсөн интеграцчлал гэдгийг өмнө олон тэмдэглэсэн билээ.

Боловсрол бол нийгмийн мөнхийн үзэгдэл, нийгмийн цөм харилцаа бөгөөд нийгмийн бүх харилцаанууд боловсролтой шууд ба шууд бусаар холбогддог. Үүгээрээ боловсролын харилцаа, түүнийг зохицуулдаг боловсролын эрх зүй нь   ихээхэн онцлогтой.Мөн боловсрол нь өөрийн агуулгаараа дамжуулан нийгэмд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас түүний агуулга нь төр өөрчлөгдөх тутам л дагаж өөрчлөгдөж байсныг түүх харуулж байна. Энэ нь боловсролын эрх зүйн төлөвшил, хөгжилд тодорхой хэмжээгээр хүндрэл бэрхшээл учруулж байсан байж болох юм.

Боловсролын эрх зүйн зохицуулалтын арга

Боловсролын эрх зүйн зохицуулалтын арга нь боловсролын эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх үүргийг тохируулах, зохицуулах үндсэн хэрэгсэл юм. Эрх зүйн салбар болгон өөр өөрийн онцлог бүхий аргуудтай боловч бас аль алинд нь хэрэглэгддэг аргууд ч бас бий. 
Боловсролын эрх зүйн зохицуулалтын арга нь боловсролын эрх зүйн харилцаанд удирдлага болгох үндсэн зарчмуудтай салшгүй холбоотой, түүнээс урган гардаг. Тухайлбал: боловсролын эрх зүйн зарчмыг үндэслэн түүний хэм хэмжээ нь тэгш эрх, ардчиллын зарчимд тулгуурлахын дээр бас бүх нийтийн заавал эзэмших албадлага дээр ч тулгуурласан байдаг. Үүнээс үүдээд боловсролын эрх зүйн харилцаанд оролцогчид харилцан тэгш эрх үүрэгтэй байхын зэрэгцээ нэг тал нь захирч нөгөө тал нь захирагдаж, хууль зүйн хувьд тэнцүү байдалд ч байдаг. Гэхдээ боловсролын харилцаа нь насанд хүрснээс гадна насанд хүрээгүй субъектүүдтэй ч бас харилцдаг онцлогтой учраас түүний эрх зүйн зохицуулалтын арга нь ихээхэн онцлогтой байдаг. Тухайлбал: боловсролын эрх зүйн харилцааны микро түвшинд тэгш эрхийн болон захирах захирагдах хуулийн аргуудаас илүү хэм хэмжээнүүдийг тайлбарлан ойлгуулах, итгүүлэн үнэмшүүлэх аргууд хэрэглэгддэг байна.

Боловсролын эрх зүйн сурвалж

Боловсролын эрх зүй нь боловсролын харилцааг зохицуулах, түүнд оролцогчдын эрх   үүргийг тодорхойлох, агуулга стандартыг тогтоох, боловсрол эзэмших үе шат, бүтэц, хэв маягийг тогтоох, удирдлага, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх бөгөөд эдгээрийг зохицуулсан хууль тогтоомжийн баазад тулгуурласан байх ёстой. Энэхүү хууль тогтоомжийн бааз нь хууль, эрх зүйн актууд байх бөгөөд уг эрх зүйн эх сурвалж болно. Боловсролын эрх зүйн актыг төрийн зохих байгууллагууд эрх мэдлийнхээ хүрээнд боловсролын талаар хүлээсэн үүрэг зорилгоо хэрэгжүүлэх зорилгоор батлан гаргана. Тийм эрх мэдэл бүхий байгууллагууд нь Монгол улсын УИХ, Засгийн газар, Төрийн яамд, Тусгай газрууд, нутгийн өөрөө удирдах байгууллагууд, боловсролын байгууллагын нэгж удирдлагууд болно.

Эрх зүйн актууд нь хүчин чадлынхаа хувьд Үндсэн хууль, ердийн хууль, хуульчилсан акт гэж ялгагдахын зэрэгцээ зохицуулж буй харилцааныхаа төрлөөр буюу үйлчлэх орон зай шинжээр нь нийтлэг хүрээнд үйлчлэх буюу боловсролыг бүхэлд нь хамарсан суурь харилцааг зохицуулах гэх зэргээр ангилж болно. Мөн эрх зүйчид тус улсын нийт нутаг дэвсгэрт хэрэгжих, нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хэрэгжих, түүний тодорхой хэсэгт хэрэгжих гэх зэргээр авч үздэг байна.

Боловсролын эрх зүйн актыг боловсруулахад төрийн ба ард түмний сонирхол, үндэсний хийгээд дэлхий нийтийн эрх ашгийг зөв хослуулж хийдэг нийтлэг зарчмыг баримтлах хэрэгтэй. Өнөө үед боловсролын эрх зүйн эх сурвалж шинэ шинэ актуудаар баяжиж, агуулга нь гүнзгийрч , зохицуулалтын хүрээ өргөжиж түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, механизм улам бүр боловсронгуй болж байна.

Боловсролын эрх зүйн өнөөгийн байдал, цаашдын хандлага

Боловсролын эрх зүйн шинэчлэл 1991 ондБНМАУ-ын боловсролын хууль”-д батлагдан гарснаар эхэлсэн бөгөөд энэ хууль 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдахаас дахуй нэг жилийн өмнө батлагдсан нь шинэ нөхцөл байдал, боловсролын харилцааг зохицуулах эрх зүйн акт хичнээн чухал хэрэгтэй болсныг харуулж байна.

1991 оны боловсролын хууль нь 6 бүлэг 30 зүйлтэй бөгөөд хуулийн гол зорилт ньиргэдийн сурч боловсрох эрхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино/20,1/. Энэ хууль нь боловсролын харилцааг шинэ зах зээлийн харилцаанд шилжүүлэх эрх зүйн чухал зохицуулалт болсон төдийгүй 1995, 1998 оны боловсролын хууль гарах эх суурь болж өгсөн юм. Уг хууль нь агуулгын хувьд чөлөөтэй, хэлбэрийн хувьд олон хувилбартай болж баяжсан, иргэдийн сурч боловсрох эрхийг жинхэнэ ёсоор эдлүүлэх нийгэм, эдийн засаг, улс төрийн баталгааг өгснөөрөө ач холбогдолтой юм.

Нийгмийн хуучин тогтолцооноос шинэ тогтолцоонд шилжих шилжилтийн эхний үед боловсоролын харилцаанд тулгарч ирсэн, шийдвэрлэхийг шаардсан үзэгдэл, үйл явцыг зохицуулах хэм хэмжээнүүд энэ хуулинд тусгагдсан байдаг. Тухайлбал: шинэ нийгмийн шаардлагад нийцүүлэн мэргэжлээ өөрчлөх, гадаад хэл сурах, богино хугацаанд давхар мэргэжил эзэмших зэрэг хэрэгцээ гарч, түүнийг хангах зорилгоор сургалтын ба сургалтын бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж, үүнийг дагаад эерэг, сөрөг янз бүрийн үзэгдэл боловсролын харилцаанд гарч байсныг зохицуулахад чухал хувь нэмэр оруулсан юм. Энэ үед боловсролын харилцаанд тулгамдаж, зохицуулалт хүлээж байсан асуудлууд бол:
ü  Боловсролын байгууллагыг хэрхэн, яаж байгуулах, өөрчлөх
ü  Тухайн үед гарч ирсэн албан бус боловсролын асуудал
ü  Борооны дараах  мөөг шиг олширсон албан ба албан бус хэлбэрийн сургалт явуулж, эрхэлж буй байгууллагууд нь иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан шалгах, магадлан тогтоох мэргэжлийн байгууллагуудын тухай асуудал байсан юм.
Хууль эрхийн актууд хичнээн олон, зөв зүйтэй заалттай гаравч түүнийг хэрэгжүүлэгч олон түмэнд хүргэдэг, хэрэгжилтийнх нь талаар эргүүлж мэдээлэл авдаг механизм нь хөшүүн, хойрго боловсронгуй бус, хуулийг хэрэгжүүлэгч субъектуудынх нь мэдлэг боловсрол, чадвар дадал хангалтгүй байвал энд эрх зүйн орчны тухай яриа хий хоосон, хуулийнх нь заалтууд тунхаглалын шинжтэй болж үлдэх нь гарцаагүй.

Өнөөгийн манай боловсролын харилцаанд албан бус боловсролын тухай, хувийн сургуулийн тухай, боловсролын мэргэжлийн удирдлагын тухай зэрэг гарцаагүй хуулийн зохицуулалт шаардаж байгаа асуудлууд цөөнгүй байгаа боловч нэгэнт бий болсон хууль, эрхийн бааз суурийг бид зөв ашиглах, энэхүү орчныг зөв төлөвшүүлэх замаар ашиглах хэрэгтэй байна.

Боловсролын эрх зүйн механизмын хувьд өнөөгийн байдлаар зөвхөн байгууллагын механизмын тогтолцоонд анхаарлаа хандуулж байгаа байдал ажиглагдаж байна. Энэ нь нэг талаар зөв зүйтэй боловч бусад механизмыг ажиллуулахгүй юм бол хүссэн үр дүнд хүрэхгүй юм. Цагны нэг л араа зогсоход тэр цаг нэг бол зогсдог, үгүй бол буруу явдаг шүү дээ. Өнөөгийн цаг үеийн хандлагаа дагаад эдийн засаг урамшууллын болон мэдээллийн механизмын үр нөлөө асар их өсч байгаа бөгөөд оновчтой ашиглах хэрэгтэй.

Эрх зүйн актуудыг хэрэгжүүлэгч субъектуулын түвшинд бүх нийтийн эрх зүйн боловсрол, эрх зүйн ухамсар соёлыг дээшлүүлэх шаардлага зүй ёсоор тавигдана. Боловсролын салбарын нэг онцлог бол бусдын төдийгүй өөрийнхөө мэргэжилтнийг өөрөө бэлтгэдэг бараг цорын ганц салбар билээ. Гэтэл түүний түүхээс харахад өөрийн салбарын мэргэжилтэн бэлтгэхэд бусдынхыг бэлтгэдэг шигээ их анхаарал тавиагүй байх юм. Тухайлбал: эрх зүйчдийн дотор эрүү, иргэн, гэр бүл, хөдөлмөрийн гэх зэрэг эрх зүйгээр мэргэшсэн олон мэргэжилтэн байхад боловсролын эрх зүйн мэргэжилтэн байхгүй гэхэд хилсдэхгүй. Мөн багш бэлтгэдэг их, дээд сургуулиуд боловсролын эрх зүйг тусгайлан судлах цаг ч байдаггүй байна.

Боловсролын харилцаанд оролцогчдод үзүүлэх эрх зүйн туслалцааг үйлчилгээний хэлбэрээр ч гэсэн бий болгож өөрийн өмгөөлөгчтэй болох хэрэгцээ тийм ч хол биш байна. 


No comments: