Харилцаанд сурагчдын нас сэтгэхүйн онцлогийг авч үзсэнээр
багш, сурагчдын хоорондын харилцааны эерэг уур амьсгалыг бүрдүүлж сургалтын
сэтгэлзүйн таатай орчныг бий болгоно.
Нялх нас /0-1 нас/ Итгэх ба эс итгэх мэдрэмжийн
хямрал. Энэ үеийн хөгжлийн тулгуур нь итгэлтэй холбоотой үүсэх мэдрэмж. Энэ
мэдрэмж нь эсэх нь хүүхдийн асаргаатай холбоотой. Хэрвээ эх нь хүүхэдтэйгээ
сайн харьцаж чадаагүй, гадуурхагдаж, үл ойшоох байдлаар харьцвал хүүхдэд айж
эргэлзэх, өөрийнхөө төлөө санаа зовох чиг хандлага үүсдэг. Хэрвээ эхийн асаргаа
сайн байвал хүүхэд нийгмийн орчин аюулгүй, тогтвортой, хүмүүс халамжтай гэсэн
итгэлийн мэдрэмж үүснэ. Ингэснээр хүүхэд өөртөө, гадаад орчинд итгэдэг. Үүний
үр дүнд итгэл найдвар бий болдог.
Балчир нас /1-3 нас/ Тусгаар байдал ба
ичих эргэлзэхийн зөрчил. Хэрвээ хүүхдэд өмнөх шатанд итгэл найдварын мэдрэмж
буй болсон бол тусгаар, бие даасан байдалтай болсоноор юмыг сонирхож “ Би
өөрөө” “Би чадна” гэх зэрэг хандлага илэрнэ. Үүний үр дүнд хүүхдэд эр зориг бий
болдог. Харин эцэг эх нь хүүхдийг хэтэрхий их эрхлүүлэх, эсвэл үл тоон зөнд нь
орхивол орчноо хянаж, бие даасан байдалтай байна гэдэгтээ эргэлзэж эхэлдэг.
Ингэснээр хожим насанд хүрсэн хойноо бусад хүмүүс өөрийг нь заавал зааж
чиглүүлж, хянаж байх ёстой гэсэн буруу үзэлтэй болох бөгөөд бусдаас маш их
хамааралтай хардамтгай хүн болдог.
Тоглоомын нас /4-6 нас/ Санаачлага ба
буруугаа мэдрэхийн зөрчил . Хөгжлийн эерэг тал нь эцэг эх нь хүүхдийн хийж
байгаа зүйлийн урамшуулж, дэмжиж өгвөл тусгаар байдал хөгжиж,хариуцлагатай болж
урагш хөгжихийн тулд ямар нэгэн зүйлийг идэвхтэй хийх ёстой гэсэн хүсэл
сонирхолтой болно. Энэ үед хүмүүс өөрийг нь хүн гэж харьцаж байна, амьдрал бол
тодорхой зорилготой зүйл гэдгийг ухаарах нь хамгийн чухал ололт байдаг. Нөгөө
талаас эцэг эх нь бие даах боломжийг нь хязгаарлавал өөрийгөө буруутгах
мэдрэмжтэй болж өөрийгөө шоовдор амьтан гэж үзэх мэдрэмж бий болдог.
Сургуулийн нас /6-12 нас/ Хөдөлмөрлөх
дур сонирхол ба дутуугийн мэдрэмжийн зөрчил. Хүүхэд өөрийнхөө юуг яаж хийх
ёстойг ойлгож, уг ойлголтоор дамжуулан өөрийн байдлыг ухамсарлаж эхэлдэг.
Улмаар сургуульд суралцах болсноор юуг, яаж хийх ёстой вэ? Гэдэг арга зүйд
суралцан хөдөлмөрт дурлах мэдрэмж бий болдог. Тэд “ би хэн бэ?” гэдгээ “ би
юунд суралцсан бэ?, би юу чаддаг вэ?” гэдэг ойлголттой адилтгаж эхэлдэг.
Ингэснээр тэдний хөгжлийн эерэг үзүүлэлт болох чадвар бий болно. Харин хүүхдийг
насанд нь тохирохгүй хэтэрхий хүнд даалгавар өгөх амжилт ололтыг нь дутуу
үнэлэх, гадуурхах хандлагаар харьцвал тэдэнд дутуугийн мэдрэмж бий болдог.
/Өсвөр нас /12-20 нас/. Би-ийн адилтгал ба үүрэг холилдох
мэдрэмжийн зөрчил. Өсвөр насны хүүхдүүд өөрийгөө өөртэйгээ адилтгасан дотоод
адилтгалыг тогтмол мэдэрч, энэ мэдрэмжийг нь бусад хүмүүс хүлээн зөвшөөрч байна
гэсэн итгэлтэй байх нь чухал. Ингэснээр энэ шатны эерэг тал болох өөрийн итгэл
үнэмшил, дотоод ертөнц, чиг зорилгодоо үнэнч байдал үүснэ. Гэхдээ ийм итгэл
үнэмшил нь бусадтай харилцах харилцаанд эргэх холбоогоор батлагдаж байх нь
чухал. Хэрвээ эерэг холбоо батлагдахгүй бол өөрийгөө танин мэдэлгүйгээр
хэтэрхий дэврүүн зантай болж, хүршгүй зорилго тавин төөрч будилж магадгүй. Ийм
тохиолдолд “ би ирээдүйд хэн болох вэ?, юу хийх ёстой вэ?, амьдралдаа ямар
зорилго тавих вэ?” гэх мэт ойлголтын төөрөгдөл буюу үүрэг холилдолтын зөрчилд
автана.
Ид насны эхэн үе /20-25 нас/ Дотносох ба зожигрохын зөрчил.
Эриксоны үзсэнээр, дотно харьцаа нь олон талтай, өргөн хүрээтэй асуудал. Энэ нь
нэг талаас өөрөө юу ч алдана гэж айхгүйгээр өөрийгөө бусадтай адилтгах нөгөө
талаас хайр сэтгэл, бэлгийн харьцаанаас гадна чин сэтгэлийн нөхөрлөл, итгэлийг
багтаана. Бусдад итгэж, бусадтай дотносох нь хүн өөрийгөө хэр зэрэг таньснаас
шалтгаалах бөгөөд өөрийн талаар тогтвортой төсөөлөл үүсээгүй бол бусадтай
жинхэнэ ёсоор дотносож чадахгүй. Эриксоны үзсэнээр, хөгжлийн эерэг тал нь хайр
сэтгэл. Хайр сэтгэл нь яруу сайхан мэдрэмж, бэлгийн янаг харьцааны аль алиныг
нь илэрхийлэх бөгөөд бусдад итгэх хэрэгтэй гэж үзвэл өөрийгөө гаргуунд нь
гаргах чадвар юм. Харин өөрийн бодол санаандаа дарагдан, өөрийгөө хэт анхаарч
бусадтай харьцахаас зайлсхийж эхэлбэл хөгжлийн энэ шатны сөрөг тал илэрдэг.
Бусадтай тогтвортой, тайван, нөхөрсөг, итгэлтэй харьцааг тогтоож чадахгүй бол
ганцаардаж, нийгмээс тасардаг. Ийм хүмүүс дотно харьцаа нь шаардлага тавьж, аз
туршиж, итгэхийг шаарддаг учраас энэ харьцаанаас зайлхийж байдаг.
Ид нас /26-64 нас/ Үр ашигтай үйл ажиллагаа ба
зогсонги байдлын зөрчил. Энэ насны гол мөн чанар нь үр хүүхэд, хойч үеийнхээ
төлөө санаа тавих, нийгэмд ашигтай үйл ажиллагаа явуулах, хариуцлагатай байх
явдал. Ингэж чадвал хөгжлийн эерэг тал нь халамж. Харин өөрийгөө сайн таньж
чадаагүй, бусдад итгэдэггүй, зөвхөн хувиа бодон нийгмээс тасарсан хүмүүсийн
амьдрал зогсонги байдалд ордог. Үүний улмаас ирээдүйдээ итгэх итгэлгүй болж,
архи дарсанд орохоос гадна дунд насны хямралд орно.
Өтлөх нас /65 аас дээш нас/ үе шат:
“Би”-ийн цогцолборын тодрол ба цөхрөх мэдрэмжийн зөрчил. Хүмүүс ажил хэргийн
төлөө анхаарал халамж тавьж амьдралдаа алдаж онож явсан, үзэл бодлоо байнга
илэрхийлж явсан хүний өнгөрүүлсэн амьдралынх нь үр дүн гарч ирдэг. Энэ насны
хөгжлийн эерэг тал нь саруул ухаан юм. Тийм ч учраас энэ насанд хүмүүс өөрийн
амьдралдаа хүрсэн ололт амжилтаа үнэлж дүгнэдэг. Хариг зарим хүмүүс ололт
амжилтын мэдрэмжгүй, “Би” –гээ цогцолбор байдлаар харж чаддаггүй. Үүний улмаас
үхлээс айх, ямар нэгэн юм тохиолдох бий гэсэн түгшүүрт автдаг.
Эриксоны
онолыг 22 жил судалсан сэтгэл судлаач Сюзан Уайтборн түүний онолыг батлах
нэлээд судалгаа хийсэн бөгөөд хүний хөгжил насан туршид явагдахаас гадна сэтгэл
зүйн хөгжил өтөл нас хүрээд зогсохгүй гэдгийг тогтоосон
No comments:
Post a Comment