Tuesday, April 5, 2016

Бие хүний нийгэмшилд боловсролын сургуулийн соёл, дахин нийгэмшил



Хүүхэд төрсөн цагаас эхлэн хүний нийгэмд, хүмүүсийн дунд амьдарч хүмүүстэй харилцаж байж л “хүн” хэмээх мөн чанараа олдгийг ширэнгээс олдсон, чонотой өссөн хүүхдүүдийн баримт нэгэнт нотолсон. Хүн хөгжиж, төлөвшин, хүний нийгэмд зохицон амьдрах чадвар эзэмших нь хүний амьдралын чухал зүйл юм. Үүнийг “нийгэмшилт” хэмээх ойлголтоор илэрхийлж нийгмийн сэтгэл судлал, социологи, нийгмийн сурган хүмүүжүүлэх ухаан зэрэг олон шинжлэх ухаанууд судалдаг.
Нийгэмшилт хэмээх ойлголтыг олон эрдэмтэн судлаачид авч үзэн өөр, өөрсдийнхөө үзлээр тайлбарласан байдаг. Тухайлбал:
Э. Дюркгейм хүүхэд залуусын хөгжилд нийгмийн бүтэц чухал ач холбогдолтой гэж тэмдэглэсэн бөгөөд хүмүүжил нь хүүхдийг нийгэмд амьдрах чухал нөхцлийг бэлтгэх нийгмийн гол хэрэгсэл бөгөөд энэ хэрэгслийн тусламжтайгаар хүн амиа бодсон, социаль биш байдлаа гэтлэн давж, социаль мөн чанарыг олно. Энэхүү социаль мөн чанарын ачаар ёс суртахуунтай социаль амьдралаар амьдрах чадвартай болно гэж үзсэн |7|. Ийнхүү Дюркгейм нь бие хүний хөгжилд нийгмийн нөлөөллийн ач холбогдлыг тэмдэглэж хүмүүжил, нийгэмшлийг холбож авч үзсэн байна.
Т. Холт нийгэмшил нь бодгаль тухайн соёлын голлох стандартад нийцүүлэн биеэ авч явж сурах үйл явдал гэжээ |8|.
Мөн Ч. Кули, Дж. Мид нар нийгэмшлийг процесс гэж авч үзжээ |10|. Ч. Кули нийгэм, бодгаль 2 нь салгаж болохгүй нэг цул юмны 2 тал гэж тодорхойлсон байдаг.
Америкийн социологч Т. Парсонс тэнцвэрт нийгмийн тухай авч үзэнгээ нийгэмшлийг анхдагч хэрэгсэл гэжээ |9|. Шинэ төрсөн бодгаль нийгэмшлийн үр дүнд нийгмийн бие хүн болох замаар нийгмийн тэнцвэрийг хадгална гэж үзэж байв.
Ф. Гиддингс нийгэмшил нь хүний социаль мөн чанар хөгжих үйл явц гэж үзжээ |6|. Тэр АНУ-д нүүж ирэгсэдийн хэл, шүтлэг, зуршлын эхний үед гарах ялгаа нь эрс багасах буюу устаж үгүй болон Америкт байнга оршин суугчдын хэв шинжид автан шингэх үзэгдлийг нийгэмших үйл явц гэж үзсэн.
Энэ мэтчилэн олон эрдэмтэн нийгэмшилтийн асуудлыг авч үзсэн бөгөөд эдгээрийг нэгтгэн дүгнэвэл үндсэн 3 чиглэлд хувааж болох юм. Үүнд,
1. Нийгэмшилт бол хүнд нийгмийн шинж чанарууд төлөвших үйл явц бөгөөд хүн нийгмийн орчноос социаль дадал, зуршлыг олж авах үйл явц гэж үздэг чиглэл байдаг.
2. Нийгэмшилтийн мөн чанар нь хамтын амьдралын дүрэм, журмыг ойлгох болон соёлын мөн чанарыг өөртөө шингээх үйл явц гэж үзэх хандлага байдаг.
3. Нийгэмшилт бол хувь хүний хүчин зүйл болон нийгмийн хүчин зүйлийн хоорондын харилцан үйлчлэлийн улмаас бүрэлдэн тогтох социаль шинж чанаруудын цогцос мөн гэж үзэх хандлага байдаг.
Эдгээр тодорхойлолтуудын зэрэгцээ судлаачид хэвийн нийгэмшилт, сөрөг
нийгэмшилт, дахин нийгэмшилт хэмээх ойлголтуудыг авч үзсэн байдаг.
Нийгэм нь хүний нийгэмшихүйн орчин болдог. Нийгэмших нь угтаа хүн,
орчиндоо зохицож, орчинтойгоо харьцаж, орчиноо бүрдүүлж, хүмүүстэй хамтран ажиллаж амьдрах чадвартай болж хөгжин төлөвших үйл явц юм. Иймээс хүний нийгэмшил нь түүний амьдарч буй цаг үе, улс орон, газар нутаг, хамт олон, гэр бүлээс шууд хамаардаг. Нийгмийн орчинг хүний нийгэмшлийн орчин болохынх нь хувьд микро, мезо, макро гэж хуваан үздэг |5|. Микро орчин нь хүний амьдрал үйл ажиллагаанд шууд нөлөөлж, хүн ч өөрийнхөө үйл ажиллагаагаар эргэж нөлөөлөх боломжтой хүчин зүйлсийн цогц юм. Үүнд: гэр бүл, айл хөрш, ажлын хамт олон, шашин шүтлэг зэрэг багтана. Мезо орчин нь хүний ажил, амьдралд дам нөлөөлөх бөгөөд тухайн хүн өөрөө тодорхой нөхцөл бүрдсэн үед эргэж нөлөөлөх боломжтой хүчин зүйлсийн цогц байна. Үүнд: сум, аймаг, бүс нутаг, мэдээлэл харилцааны хэрэгсэл, хот суурин зэргийг хамруулна. Макро орчин нь хүний ажиллах, амьдрах нийгмийн орчин нөхцлийг бүрдүүлж тухайн хүний нийгмийн статуст дам нөлөөлж байдаг хүчин зүйлс багтана. Үүнд: улс орны нийгэм, улс төрийн тогтолцоо, хууль эрх зүйн нөхцөл байдал, улс үндэстний соёлын өв уламжлал, нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин, боловсролын бодлого, хөгжлийн чиг хандлага хамаарагддаг.
Эдгээр орчнуудаас гэр бүл, айл хөрш, ажлын хамт олон, шашин шүтлэг зэрэг нь тусгаар хувь хүмүүсийн нийгэмшилттэй илүү холбогддог бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс орны нийгэм, улс төрийн тогтолцоо, хууль эрх зүйн нөхцөл байдал, улс үндэстний соёлын өв уламжлал, нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин, боловсролын бодлого, хөгжлийн чиг хандлага зэрэг нь бүхэл бүтэн угсаатан үндэстний нийгэмшилттэй холбогддог.
Монгол хүүхдүүдийн нийгэмшилтэд монголын уламжлалт амьдрах соёл, зан заншил гүн бат шингэж өөрийн гэсэн өвөрмөц соёлын агуулгыг шингээсэн байдаг. Монголчуудын уламжлалт амьдралын хэв шинж нь хамтран ажиллах, бие биедээ туслан амьдрах нөхцлийг бүрдүүлж, найрсаг зочломтгой зан чанарын үндэс болдог юм. Монголчуудын хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, тэдэнтэй харилцах харилцаа, тэднийг тоглуулах тоглоом нь төдийгүй амьдралын нөхцөл нь хүүхдийг нийгэмшүүлэн төлөвшүүлэх гайхалтай орчин болдог. Жишээлбэл, нярай хүүхдийг арчлах, түүнийг өлгийдөх онцлог нь бие хүний хэв шинж ба зан үйлийн төлөвшилд мэдэгдэхүйц нөлөөлөх чадвартай байдаг байна. Тийнхүү Бок орос үндэсний зан байдлын онцлогийг XX зуун хүртэл хадгалагдаж ирсэн нярай хүүхдийг чанга өлгийддэг заншилтай холбож үзсэн. Бараг хөдөлгөөнгүй байнгын чанга өлгийдэлтээс түр хугацаанд хуурайлах, усанд оруулах задлах үед чөлөөлдөг байсан нь богино хугацаанд “нийгмийн галзуу идэвхитэй” болох урт удаан хугацаанд гадны хүчирхэг эрх мэдэлд дарагдах ба богинохон хугацааны хооронд эрч хүчтэй хувьсгалт үйл ажиллагаа өрнүүлдэг зэрэг оросуудын онцлогийг гаргахыг оролджээ |Bock Ph. K. 1988|. Иймэрхүү онцлог Монгол хүнд ч байж болох талтай. Эрс тэс уур амьсгалтай оронд нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монголчууд нүүж суухад эвтэйхэнийг бодож нярай хүүхдээ манцуйлан өлгийдэж гурван бүсээр чанга ороон бүсэлнэ, хуурайлахдаа зөвхөн доод талыг нь онгойлгож солино. Мөлхөж хөлд орох үед нь аюул осолоос хамгаалахын тулд урт уяа бүсээр юмнаас уяж хол явуулдаггүй.
Чухамхүү соёл л хүүхдийг нийгэмдээ яаж бодож, мэдэрч үйлдэхийн гол хүчин зүйл болдогийг М. Мид тэмдэглэсэн байна |4|.
Олон жилийн өмнө эрдэмтэн Хантингтон орчин үеийн дайн улс орнуудын хил дээр биш соёлын хил дээр болох болно гэж хэлжээ. Энэ нь үнэхээр цаг өнгөрөх тусам батлагдаж байгаа юм. Дэлхийн томоохон улс орнууд өөрийн соёлоо дэлгэрүүлэхийн тулд олон янзаар оролдож, энэ нь зарим тохиолдолд зэвсгийн хүчээр шийдвэрлэгдэж байна.
Гэтэл өнөө үед монгол залуус маань өөрийн улс орны биш гадаад улс орнуудын соёлыг хуулбарлан нийгэмших хандлага нэмэгдэж байна. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, даяаршлын нөлөө зохих хэмжээгээр байж, гадны сайн сайхан зүйлийг авах нь муу зүйл биш ч хэтэрхий уусан, тахин шүтэх нь үндэсний аюулгүй байдлын тулгамдасан асуудал болж байна. Гадны соёлын хүчтэй нөлөө, шашины урсгалын дэлгэрэлтэд болгоомжтой хандах цаг иржээ.
Орчин үеийн хүүхэд, залуучуудын мэдээллийг хүлээн авах, соёлыг эзэмших гол хэрэгсэл нь олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл тэр дундаа телевиз юм.
Стенфордын их сургуулийн профессор А. Бандура бие хүний хөгжилд ажиглах ба загварчлах гэсэн ойлголтыг авч үзэн бага насны хүүхдүүдийн телевизээр үзэж буй зүйлд анхаарлаа хандуулахыг чухалчилж байлаа |3|.
Өнөөгийн Монголын телевизүүдээр гарч байгаа кино, нэвтрүүлгүүдэд төрийн нэгдсэн бодлогоор хандах цаг болжээ. Мэдээж олон телевизүүд өрсөлдөн олон нийтэд хэрэгтэй олон нэвтрүүлэг бэлдэж гаргаж байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ үндэсний нийгэмшилт, ухамсарт сөргөөр хүчтэй нөлөөлөх олон кино, нэвтрүүлэг гарсаар л байна.
Гадаадын олон оронд үндэсний ухамсарт нөлөөлөх, үндэстнээрээ бахархах нэвтрүүлэг, киног төрийн зүгээсээ дэмжиж, бага насны хүүхдийн телевиз үзэх цагаар тодорхой хяналт тавьдаг туршлага байна.
Монголын телевизүүдээр гадаадын олон орны соёлын довтолгоо хүчтэй явагдсаар байна. Эдгээрийн дотроос хамгийн хүчтэй явагдаж байгаа нь Солонгосынх гэж болно. Одоо Монголын бүх телевизээр Солонгосын олон ангит савангийн дууриуд цуварч, Солонгосын эд бараа хамгийн эрэлттэй болж, хүүхэд залуус шар, ногоон өнгөөр үсээ будаж, Солонгосын нэг жүжигчин Монголд 2 хоног тоглолт хийгээд буцахдаа бараг нэг аймгийн төсвийг хамаад буцаж байгаа баримт байна.
Эцэст нь хэлэхэд, “Сэтгэл гэдэг биеийн эзэн, сэтгэлийг нь эзэлвээс бие нь хааш одох” гэсэн эзэн богд Чингис хааны маань үг байдгийг санах цаг болжээ. Өөрийн гэсэн нэгдмэл итгэл үнэмшил, идеал байхгүй болсон улс, үндэстэн амархан мөхсөн түүх олон бий.
Дахин нийгэмшилт: Зарим нөхцөл байдалд насанд хүрсэн хүмүүс дахин нийгэмшилд орж болно. Өөрөөр хэлбэл урьд өмнө тогтсон үнэт зүйлс, бие хүний зан үйлийн загвараа өөрчилж өмнөхөөс эрс ялгаатай үнэт зүйлсийг эзэмших нь буй. Тийм нөхцлийн нэг нь гадаад орчноос тусгаарлагдсан хүмүүс цоо шинэ хатуу ширүүн дэг, шаардлагад орсон сэтгэл мэдрэлийн эмнэлэг, шорон, хуаран зэрэг цагдах байгууллагад байх явдал юм. туйлийн бэрх тийм орчинд хүний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж үнэхээр эмгэнэлт байдалд орох нь буй. Тийм туйлдаа хүрсэн нөхцөл байдлыг судалснаар ердийн нөхцөлд хэрэгждэг нийгэмшилтийг илүү гүнзгий танин мэдэх боломжтой болдог.

No comments: