Tuesday, April 5, 2016

Бие хүний социаль шинж: хүний хөгжил, боловсрол




Бүхий л нийгэм зүйн онол нь хүн ба хүмүүсийн хоорондох харилцаа, хүний зан байдлын зүй тогтол тэдгээрийг хэрхэн тодорхойлох талаар өөрсдийн үзэл баримтлалыг дэвшүүлсэн байдаг. Энэ ч утгаараа өнөөдөр хүний тухай асуудал нь олон шинжлэх ухааны анхаарлын төвд байдаг бөгөөд салбар шинжлэх ухаан хоорондын судалгааны судлах зүйл, үндсийг бүрдүүлж байна.
Шинжлэх ухааны болон өдөр тутмын хэлэнд хүн, бодгал, хувь хүн, бие хүн зэрэг нэр томьёо байнга тааралддаг. Эдгээр нэр томьёонууд нь ойролцоо утгатай мэт боловч сайн нягтлан үзвэл тодорхой ялгаатай болохыг харж болно.
- Хүн /человик/: Хамгийн өргөн утгатай homo sapiens-ээс гаралтай ойлголт бөгөөд сэтгэдэг, хөдөлмөрлөдөг, хөдөлмөрийн багаж зэвсэг хийдэг, юмыг үнэлдэг, дүгнэдэг, эрх үүрэг бүхий нийгэм соёлын ялгаа бүхий биологийн төрөл зүйл биосоциал биет юм.
- Бодгаль /индивид/: Энэ нь биологи, сэтгэл зүй, нийгмийн шинжүүдийн хувьд дахин давтагдашгүй байх тэр чадваруудыг хэлнэ.
- Хувь хүн /индивидуальность/: Өөрийн хувийн онцлог нэг бодгалийг нөгөөгөөс ялган байгаа байдлуудын цогц гэж тодорхойлж болно. Энэ нь зан харьцааны нийлэмжээрээ биохими, нейрофизологийн янз бүрийн түвшинд сэтгэл зүйн болон нийгмийн хүрээнд ялгардаг байна.
- Бие хүн /личность/: социологийн хувьд хүний нийгмийн социаль шинж чанаруудын цогц юм.
Эдгээр ойлголтуудтай холбогдож гарч ирэх нэг чухал ойлголт бол нийгэмшил юм. Энэ нэр томьёог анх 1887 онд Америкийн социологич Ф.Г.Гиддингис “Нийгэмшлийн онол” номондоо хэрэглэжээ. Тэрээр нийгэмшил гэдгийг “Байгаль нийгмийн амьдрал, хөгжил, хувь хүний шинж, нийгмийн материаллаг амьдралд хүнийг бэлтгэх” гэж тодорхойлжээ.
Нийгэмших үйл явц нь хүн тухайн нийгмийн гишүүний шинж, чанар, бүтэц, үүргийг хүлээн зөвшөөрсөн үнэт зүйл, хэм хэмжээний тодорхой системийг эзэмших болон эргээд нийгмийн орчинд өөрийн нөлөөлөх үйл ажиллагааны цогц юм. Бие хүн хөгжин төлөвших үйл явц бол нийгмийн шинжтэй үзэгдэл бөгөөд энэ процесс нь байгаль, нийгмийн гадаад болон дотоод олон хүчин зүйлийн байнгын нөлөөн дор явагддаг. Хүн нийгмийн олон талт харилцаанд биечлэн оролцох явцдаа сая бие хүн болж төлөвшдөг байна.
Социологич Эриксон бие хүний хөгжлийг 8 үе шатанд хувааж үзсэн байдаг. Үүнд:
1. Итгэл- Үл итгэх (нялх нас)
Хүүхэд түүний хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангаж байгааг мэдэрч байдаг. Харин тэдгээрийн төлөө санаа тавьж байдаг хүмүүс алга болоход хүүхдүүд амьдралынхаа анхны хямралыг гэтлэж байна гэж үзэж болно. Энэ нь заримдаа орчныхондоо үл итгэх байдал үлдээнэ.
2. Өөрөө гэх сэтгэл- Ичгүүр, эргэлзээ (1-2 нас)
Хүүхэд ярьж, явж сурна. Энэ үед өөрөө бие даах сэтгэл хүүхдэд илэрч үгэнд орохгүй байх эрмэлзэл ажиглагдана. Ойр дотны хүмүүс нь хүүхдэд хэтэрхий олон шаардлага тавихад тэрбээр өөрөө юм чадахгүй байгаадаа ихээхэн ичих сэтгэл төрнө, ингэснээрээ түүний өөрөө бие даах, орчноо танин мэдэх гэсэн эрмэлзэлд саад учирна.
3. Санаачлага гаргах- Гэмших үе (3-5 нас)
Энэ үед хүүхэд хөдөлгөөнтэй сониуч, ургуулан бодох чадвартай болно. Өрсөлдөх сэтгэхүй тодорч, хөвгүүд охидын ялгааг ойлгодог болно. Хүүхэд идэвхи санаачлага гаргаж, өөрийн шинэ сурсан зүйлээ үзүүлэхийн тулд орчныхонтойгоо зөрчилдөх явдал гарна.
4. Хөдөлмөрч- Үл чадах байдал (бага сургуулийн нас)
Хүүхэд бие даасан даалгавар биелүүлж сурна. Үүнээс үүдэн хүүхэд бодит амьдралын ажил үүргийг сонирхож эхэлнэ. Гал сөнөөгч, нисгэгч, сувилагч гэх мэт. Энэ үед өөртөө итгэлтэй, мэдлэгтэй байх нь их чухал. Ийм үед тэд насанд хүрэгсдийн ажил хэргийг ухаарна. Хэрвээ хүүхэд энэ ухаарлыг ойлгож, хямралаас гарч чадахгүй бол өөрсдийгөө арчаагүй, олиггүй хэмээн бодож өөртөө итгэлгүй болно.
5. Зан байдлын төлөвшилт (адилтгал)- Үүргийн ухвар (идэр нас)
Энэ шатанд хоёр том чухал үйл явдал тохиолдоно. Бие нь өсч насанд хүрэхийн зэрэгцээ бэлгийн хөгжил давхар явагдана. Энэ үедээ амьдралд өөрийн байр суурийг сонгон авах ёстой болно. Коллежид суралцах, тохирсон ажил олох, амьдралын ханиа сонгон авах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлага гарна. Энэ нь бүтэлгүйтвэл цаашид тохирох ажил, хань, найз нөхдөө сонгон авахад сөргөөр нөлөөлнө.
6. Дотны харилцаа- Ганцаардал (насанд хүрэх үеийн эхэн)
Энэ шатанд хүнтэй танилцах, гэрлэх, янаг амрагийн бусад харьцаа чухал ач холбогдолтой болно. Хэрвээ хайр, ганцаардал хоёрын хоорондын зөрчил зөв шийдвэрлэгдээгүй бол цаашид хүн түр зуурын бусадтай ойртон, ямагт салах магадлалтай болно.
7. Бүтээлч идэвхи-Тогтонги байдал (дунд нас)
Энэ шатанд хүмүүс үндсэндээ тодорхой ажил эрхлэн, эх эцгийн үүрэг гүйцэтгэнэ. Энэ үед гэр бүл болон нийгмийн статустай нь холбогдсон олон асуулт гарч ирнэ.
8. Амгалан, эвлэрэнгүй байдал-Цөхрөл (хөгшрөлт)
Энэ шатанд хүмүүс өөрсдийн амьдралыг дүгнэнэ. Энэ үед амьдралаа шинээр цэгнэн ухаардаг ажээ. Хэрвээ хүмүүс сэтгэл хангалуун байгаа бол амьдрал нь бүхэл бүтэн нэгдмэл цогц мэт бодогдоно. Харин сэтгэл тааламжгүй бол цөхрөл ирнэ.
Ингэж нийгэмшил нь янз бүрийн соёлын орчинд харилцан адилгүй байх ба хүний нийгмийн байр суурийг тодорхойлдог. Мэдээжийн хэрэг хүн амьралынхаа туршид ямар нэгэн хэсэг, жижиг группын гишүүн байдаг. Энэ нь хэвийн үзэгдэл юм. Хүн ямар нэгэн бүлэгт, хэсэгт нэгдэхгүйгээр амьдарч чадахгүй. Учир нь хүнийг нийгмээс тусгаарлавал хүн өөрийн мөн чанараа алдах нь зайлшгүй юм.
Хүний нийгэмших үйл явц нь гэр бүлийн харилцаанаас эхлэх ба энэ нь нийгмийн харилцааны анхдагч хэлбэр юм. Тэгвэл:
Бүлэг гэж юу вэ?
Социологич Р.Мертоны тодорхойлсоноор бүлэг гэдэг нь тодорхой янзаар бие биетэйгээ харилцдаг, тухайн бүлэгт багтаж байгаагаа ухамсарладаг, бусад хүмүүс ч тэднийг тус бүлгийн гишүүн гэж үздэг хүмүүсийн цогцыг бүлэг гэж тодорхойлжээ. Бүлгийн үндсэн шинжид дараах зүйлс ордог. Үүнд:
1. Энэ гишүүдийн хооронд харилцан үйлчлэл хийх тодорхой арга юм. үйл ажиллагаа болон харилцан үйлчлэлийн энэхүү өвөрмөц загвар бүлгийн бүтцийг тодорхойлоход чухал үүрэгтэй. Жишээ нь: ах дүүгийн нөхөрлөл, эмэгтэйчүүдийн байгууллага, клуб гэх зэргээр бүлгийн доторхи харилцан үйлчлэлийн янз бүрийн аргууд байдаг.
2. Бүлгийн хоёр дахь чухал шинж бол гишүүнчлэл буюу тухайн бүлэгт харьяалагддагаа ойлгох явдал юм. Мертоны үзэж байгаагаар бүлгийн гишүүд нь бусад хүмүүсийн нүдээр ч тухайн бүлгийнх гэдэг нь ойлгогддог.
3. Бүлэг нь бусдын нүдээр харахад өөрийн гэсэн онцлог, адилтгалтай. Бүлгийн адилсал нь бидний бодож байгаагаас үлэмж илүү тогтвортой байдаг байна. Тухайлбал: Хэрэв грек гаралтай америк хүн хотын захирагчийн сонгуульд грек хүний төлөө санал өгвөл бүлэг нь түүнд нөлөөлжээ гэж боддог.
Бүлгийн төрөл
Бүлгийг дотор нь анхдагч ба хоёрдогч гэж хоёр хуваадаг.
- Анхдагч бүлэг нь хувь хүний онцлогт тулгуурласан дотно харилцаатай цөөвтөр хүмүүсээс бүрэлдэнэ. Анхдагч бүлэг олон хүнтэй байж болохгүй бөгөөд эс тэгвээс бүх гишүүд хоорондоо хувийн шууд холбоо тогтооход бэрхшээлтэй. Жишээ нь: Гэр бүл, найз нөхөд гэх мэт
- Харин хоёрдогч бүлэг нь хоорондоо сэтгэл хөдлөлийн харилцаа бараг байдаггүй хүмүүсээс бүрэлдэх бөгөөд тэдний харилцан үйлчлэл нь тодорхой зорилгод хүрэхийг эрмэлздэг юм. Ийм бүлгүүдэд хувь хүний чанар бус харин тодорхой чиг үүрэг биелүүлэх чадварыг чухалчилдаг.
Ерөнхийдөө аливаа нийгэмд хоёрдогч бүлэг зонхилдогч анхдагч бүлэг бүрэн тогтвортойгоо харуулж илүү хэлбэршсэн зохион байгуулалтыг хооронд нь холбогч чухал үүргийг гүйцэтгэж байдаг.
Бүлэг нь нийгэмд хэд хэдэн чухал үүргийг гүйцэтгэдэг байна.
- Бүлгийн гүйцэтгэгч үүрэг
Олонхи бүлэг тодорхой ажлыг гүйцэтгэх зорилгоор буй болдог. Энэхүү гүйцэтгэгч бүлэг нэг хүн хийж чадахгүй юмуу хмйхэд төвөгтэй ажлыг гүйцэтгэхэд тус болдог. Жишээ нь: Мэс засалчдын бүлэг, хөл бөмбөгийн баг, барилгачдын бригад гэх мэт
- Төлөвшлийг илэрхийлэгч үүлэг
Бүлгийн зарим төрлийг илэрхийлэгч гэдэг. Тэд нийгмийн сайшаал, хүндэтгэл, итгэлийг олохыг эрмэлздэг гишүүдийнхээ хүслийг хангах зорилготой байдаг.
- Бүлгийн дэмжигч үүрэг
Хүмүүс хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх, нийгмийн хэрэгцээг хангахын тулд нэгдээд зогсохгүй тааламжтай бус мэдрэмжийг зөөлрүүлэхийн тулд бас бүлэг үүсгэдэг. Гэхдээ бүлгийн нөлөө бүлгийн гишүүдэд мэдрэгдэж буй бүх сөрөг сэтгэл хөдлөлийг бус зөвхөн заримыг нь л сулруулж болох талтай байдаг.
Бүлгийн хэмжээ
Хосмог: Хосмог (диада) буюу хоёр хүнтэй бүлэг. Жишээ нь: Дурлалт хосууд, хоёр сайн найз гэх мэт. Хосмогийн гишүүд хоорондоо тогтвортой харилцааг дэмжих ёстой эс тэгвээс бүлэг оршихоо байна. Өөрийн мөн чанараараа эмзэг мэт болох хосмогийн гишүүдийн хооронд бусад бүлгийн бодвол илүү нягт, дэг журамтай эерэг харилцан үйлчлэлийг шаардаж байдаг. Түүний зэрэгцээ аль нэг бүлгийг бодвол илүү гүнзгий сэтгэл ханамжтай байх нөхцөл үүсдэг.
Гурвал: Хосмогт гуравдагч хүн нэгдвэл нилээд төвөгтэй харилцаа бүрэлддэг гурвал (триад) үүснэ. Германы социологич Г.Зиммелийн үзсэнээр гуравдагч гишүүн нь дараах үүргүүдийн аль нэгийг гүйцэтгэж болдог байна. Үүнд:
Хайхрамжгүй (оролцдоггүй) зуучлагч, өөрийн сонирхолдоо бусдыг ашигладаг бөөрөнхий үзэлтэн, “хуваа, захир” гэсэн зарчмыг удирдлага болгосон тактик хэрэглэнэ.
Илүү томоохон бүлгүүд: Бүлгийн хэмжээг томруулах нь түүний гишүүдийн зан төлөвт олон талаар нөлөөлдөг. Томоохон бүлгүүд (5-6 хүнтэй) нь хосмог ба гурвалыг бодвол илүү үр бүтээлтэй байж болох талтай. Томоохон бүлгийн гишүүд бага бүлгийн төлөөлөгчдийг бодвол ихээхэн үнэтэй санал гаргадаг. Ийм бүлэг нэгдмэл нэг санаатай байх хэцүү боловч хурцадмал байдал үүсэх нь бага байдаг. Энэ нь бүлгүүдэд зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх явдал илүү чухал байдагтай холбоотой. Мөн том бүлгийн гишүүд жижиг бүлгийн гишүүдийг бодвол хамтын ярилцлагад оролцож буй үүрэгтээ сэтгэл ханамж багатай байдаг.
Харилцаа ба засаглал: Бүлгийн хэмжээ нэмэгдсэнээр түүний гишүүдийн дотор бие биетэйгээ улам бага харилцах, удирдагчдаа хандах нь элбэг болох зэрэг хандлага илэрдэг. Түүнээс гадна таваас илүү хүнтэй бүлэгт удирдагч нь бүлэгтэйгээ бүхэлд нь бус зарим гишүүдтэй харилцах болно. Иймд удирдагч харилцааны төв болж, мэдээллийг хүлээн авч дамжуулна. Том болон жижиг бүлэгт засаглал хуваарилах арга харилцааны шинжтэй нягт холбоотой байдаг. Харилцааны тогтолцооны төвд байгаа бүлгийн гишүүд захад байгаа гишүүдийг бодвол бүлэгтээ илүү сэтгэл хангалуун байна.

No comments: