Sunday, April 3, 2016

Хичээл




Хичээлийн тухай ойлголт ЕБС-ийн өдөр тутмын практик сурган хүмүүжүүлэх үйл явц нь хичээл болон хичээлийн бус олон хэлбэрийн ажлаар дамжин хэрэгждэг.
Хичээл нь сурган хүмүүжүүлэх үйл явцтай харьцуулахад түүний зурвас хэсэг, өөрөөр хэлбэл түүний нэг жижигхэн хэсэг, үе шат, салаа мөчир, элемент гэж ойлгож болно.
Хичээл гэдэг бол хүүхэд залуусыг сургах, хүмүүжүүлэх хөгжүүлэх зорилго бүхий тодорхой цаг хугацаанд тогтсон бүрэлдхүүнтэйгээр явагддаг багш сурагчдын хамтын идэвхтэй бүтээлч үйл ажиллагаа юм. Түүний үндсэн онцлог бол:
ü  Ижил, ойролцоо насны хүүхдүүдийг хамтад нь сургаж хүмүүжүүлдэг процесс
ü  Тогтмол тооны сурагчидтай явагддаг 4 Цаг хугацааны тодорхой хязгаартай
ü  Багш болон сурагчид гэсэн хоёр субъектын харилцан нөлөөлөл байнга явагдцаг
ü  Хичээл бүр тодорхой зорилтуудтай байдаг
ü  Хичээл болгон тодорхой агуулга /ухагдахуун, онол, зүй тогтол.../-тай байдаг
ü  Хичээл болгон дээрх зорилт, агуулгыг хэрэгжүүлэх арга барил, хэрэглэлийг шаарддаг.
ü  Зориулалтын анги танхимд тогтоосон хуваарийн дагуу явагдцаг зэрэг юм.

Хичээлийн үүрэг, зориулалт
ü  Сурагчдад тодорхой хэмжээний мэдлэг, чадвар, дадал, туршлага эзэмшүүлэх 4- Сурагчдад сурах арга барил эзэмшүүлэх
ü  Сурагчдад өөрийгөө хүмүүжүүлэх, биеэ зөв авч явах, авъяас чадвараа хөгжүүлэх арга ухаан олгох
ü  Бусад хүмүүстэй харьцах, аливаа зүйлд ухаалаг хандах хандлага, биеэ дааж шийдвэр гаргах туршлага олгох зэрэг юм.

Орчин үеийн хичээлд дараах ерөнхий шаардлагууд тавигдана:

1.                  Сурган хүмүүжүүлэх практикт тэргүүн туршлага, шинжлэх ухааны ололт амжилт, зүй тогтолд үндэслэн хичээлийг зохион байгуулах
2.                  Дидактикийн дүрэм, зарчмуудыг хэрэгжүүлэх
3.                  Суралцагчдын сонирхол ба хэрэгцээнд тулгуурлан тэдний бүтээлч танин мэдэх үйл ажиллагааг хангах
4.                  Өмнө нь эзэмшсэн мэдлэг чадвар дээр нь тулгуурлан сурагчдын ойрын хөгжлийн түвшинг хангах
5.                   Бие хүний бүх талыг хөгжүүлэн төлөвшүүлэх, сэдэл тэмүүлэл бий болгох
6.                   Сурган хүмүүжүүлэх хэрэгслүүдийг бүтээлчээр ашиглах.
7.                  Амьдрал ба үйлдвэрлэлийн хөдөлмөртэй бие хүний хувийн туршлагыг холбох.
8.                   Оюун ухааны үйл ажиллагааны арга барил эзэмшүүлэх
9.                  Байнгын хэрэглээний мэдлэгтэй болгож түүнийг хэрэглэх чадвар төлөвшүүлэх.
10.              Хичээл бүрийг нягт нямбай төлөвлөх, оношлох.
Хичээлийн үр өгөөж, үр дүн нь түүнд тавигдах сургах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх шаардлагатай холбоотой. Эдгээрийг тодорхой хичээл бүрээр нарийвчлан тодруулж байх хэрэгтэй.

Дидактик шаардлага:
ü  Хичээл бүрийн зорилго, зорилтыг оновчтой тодорхойлох
ü  Хичээлээр сурагчдад олгох шинэ мэдлэг чадварыг бие хүний болон нийгмийн хэрэгцээтэй уялдуулан оновчтой тогтоох.
ü  Танин мэдэх үйл ажиллагааг нарийн төлөвлөх.
ü  Сургалтын зохион байгуулалтын төрөл, хэлбэр, аргуудыг зөв хослуулах
ü  Хичээлийн бүтцийг оновчтой сонгон хэрэгжүүлэх
ü   Хамтын үйл ажиллагаааны янз бүрийн хэлбэрийг бие даасан үйл ажиллагаатай хослуулах.

Хөгжүүлэх шаардлага
ü  Сурагчдын сонирхол, бүтээлч санаачлага идэвхэд тулгуурлан сурч танин мэдэх эерэг сэдэл тэмүүлэл төлөвшүүлэх.
ü  Сурагчдын сэтгэл зүйн онцлог ба хөгжлийн түвшинг судлан тооцож төлөвлөх
ü  Сурагчдын хөгжилд гарч буй өөрчлөлт ба өдөөгдсөн түвшинг ашиглан сургалтыг явуулах.
ü  Хичээлийн хүмүүжүүлэх буюу хүүхдэд бие хүний тодорхой ямар чанарыг төлөвшүүлэхийг тодорхойлох жишээ нь: үнэнч шудрага, хариуцлагатай, нямбай, бие даах, хамтач байх гэх мэт.
ü  Сурагчидтай анхааралтай харьцаж, сурган хүмүүжүүлэх зөв шаардлага тавихын зэрэгцээгээр тэдний сонирхол амжилтад тулгуурлан хамтарч ажиллах.
ü  Нийгмийн хөгжил, сурагчдын оюун ухаан, сэтгэл хөдпөлд гарч буй өөрчлөлтийг урьдчилан харж хичээлдээ өөрчлөлт, шинэчлэлт хийх.

Хичээлийн эрүүл ахуй, зохион байгуулалтын шаардлага
ü  Ангийн агааржилт, дулаан, гэрэлтүүлэг, тоосжилт зэрэг нь эрүүл ахуйн норм /хэмжээ/-д нийцэж байх.
ü  Сургуулийн дотоод дүрэм, бусад журмыг сурагчдад танилцуулж мөрдүүлэх
ü  Цаг ашиглалт өндөр үр дүнтэй байх гэх мэт.

Хичээлийн төрөл, хэв шинж
Хичээл бүр өөрийн зорилго, зорилттой ба ижил биш материалыг судалдаг, олон янзын арга, технологи хэрэглэдэг учир түүнийг ямар шалгуураар ангилах вэ? гэдэг асуудал гарч ирдэг. Судлаачдын дэвшүүлсэн олон ангилал дотроос хичээлийн зорилгыг үндэс болгосон ангилал нилээд түгэмэл юм. Түүнд:
A.                  Шинэ мэдлэг олгох хичээл
B.                  Мэдлэгийг бататгах хичээл
C.                  Мэдлэгийг эмхлэн цэгцлэн нэгтгэн дүгнэх хичээл
Б. Чанар, дадал төлөвшүүлэх хичээл Е. Шалгах хичээл Р. Холимог хичээл зэрэг болно.

Хичээлийн бүтэц
Хичээлийг бүхэл бүтэн зүйл болгодог дотоод зохион байгуулалт бүрэлдэхүүн хэсгүүдийн дэс дарааллыг хичээлийн бүтэц гэж үзнэ. Я.А. Коменский, И.Гербартын боловсруулсан дөрвөн үе шаттай хичээлийн сонгодог бүтэц нь өнөөг хүртэл хэрэглэгдэж байна. Энэ энгийн хэлбэр нь: Шинэ мэдлэгийг эзэмшихэд бэлтгэх, шинэ мэдлэг, чадвар эзэмших, түүнийг бататгах, эмхлэн цэгцлэж, практикт хэрэглэх гэсэн дараалалтай. Энэ хэв шинжид үндэслэн холимог хичээл үүссэн.
Ийм хичээлийг практикт өргөн хэрэглэж байгаа бөгөөд түүний бүтэц нь:
1.      Зохион байгуулалт
  1.  Өмнө үзсэн зүйлийг сэргээн давтах
  2.  Гэрийн даалгавар шалгах
  3.  Шинэ мэдлэг олгох
  4.  Шинэ мэдлэгийг бататгах
  5.  Мэдлэг, чадварыг хянаж, шалгах
  6.  Гэрийн даалгавар өгөх
  7.  Дүгнэлт хийх гэсэн хэсгүүдтэй.
 Хичээлийн бүтцийг уян хатан болгохын тулд:
ü  Тухайн хичээлийн зорилго, агуулгыг харгалзан дээрх хэсгүүдийн зайлшгүй хэрэгтэй хэсгийг авч ашиглах
ü  Дээрх хэсгүүдийг янз бүрийн дарааллаар чөлөөтэй хослуулан хэрэглэх
ü  Сурган хүмүүжүүлэх хэрэгсэл тоног төхөөрөмжийг оновчтой сонгон ашиглах нь зүйтэй.

Холимог хичээл нь сурагчдын үйл ажиллагааг тодорхой төлөвлөн зохион байгуулах боломжтой боловч сурагчдыг жигд идэвхтэй ажиллуулах боломж багатай. Үүнийг боловсронгуй болгох үүднээс нэгдмэл хичээл гарч ирсэн.
Нэгдмэл хичээл нь бүтцийн хувьд харьцангуй чөлөөтэй ба гол нь сурагчдыг сурах үйл ажиллагаанд жигд идэвхтэй татан оролцуулдаг давуу талтай.
Хичээлийн бэлтгэл
Хичээлийн үр дүнгийн тухай асуудал нь хичээлд нягт нямбай бэлтгэх ба багшлах ур чадвараа дээшлүүлэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Муу бэлтгэсэн бүрэн дүүрэн боловсруулж чадаагүй, сурагчдын бололцоог тооцоогүй хичээл чанартай байж чадахгүй.
Хичээлд бэлтгэх гэдэг нь тодорхой нөхцөлд сургалт хүмүүжлийн ажлын хамгийн өндөр үр дүн гарах нөхцөлийг хангах сонголтыг иж бүрнээр нь боловсруулна гэсэн үг.

Багшаас хичээлд бэлтгэх ажлыг гурван шаттай гүйцэтгэнэ.
1.      Оношлох
2.       Урьдчилан төлөвлөх
3.       Хичээлийн конспект, төлөвлөгөө бичих.
1 .Оношлох.
Онош нь /Сургалт-хүмүүжлийн ажлыг төлөвлөхтэй холбоотой/ хичээлийг явуулах бүх нөхцөл байдлыг тодруулах тухай асуудал юм. Тухайлбал: Суралцагчдын боломж, хүсэл тэмүүлэл, үйл ажиллагаа, зан төлөв, эрэлг хүсэлт ба авъяас, сонирхол ба хэрэгцээ, сургах түвшингийн шаардлага, судлах материалын шинж чанар, онцлог, сургалтын материаллаг нөхцөл байдлыг үнэлэх гэх мэт.
2.      Урьдчилан төлөвлөх.
Энэ хичээлийг явуулах янз бүрийн хувилбарыг оновчтой сонгоход чиглэнэ. Үүнд: хичээлийн бүтэц, үе шатууд, тэнд хэрэгжих багш сурагчийн үйл ажиллагааны элементүүд, тэдгээрийн зорилт, арга барилууд, тэдгээрийн уялдаа холбоог урьдчилан гаргана. Хичээлийн бүтцийн дагуу сургалтын үйл явцыг анхааралтай авч үзнэ. Жишээ нь: тулгуур мэдлэгийг давтах шинэ мэдээллийг эзэмших, бататгах ба эмхлэн цэгцлэх, мэдлэг, чадварыг хянах ба залруулах. Энэ үндсэн дээр хичээлийн явцад нөлөөлөх хүчин зүйлсийг оновчтой тодорхойлох боломж олгоно. Хүчин зүйл бүхэн нь хичээлийн үе шат бүрд оновчтой тодорхойлогдвол түүний чанар үр өгөөж сайжирна.
3.      Хичээлийн конспект, төлөвлөгөө хийх нь.
Энэ нь хичээлд бэлтгэх төгсгөлийн үе шат. Суралцагсдын танин мэдэх үйл ажиллагааг удирдах хөтөлбөр бэлэн болно. Удирдах хөтөлбөр нь багшийн удирдах үйл ажиллагааны хамгийн товч, тодорхой зохиогдсон баримт бичиг юм. Үүнд: хэнийг хэзээ асуух, асуудлыг хаана оруулах, хичээлийн дараагийн шатанд яаж хүрэх, бэрхшээл тохиолдоход хэрхэн давах зэрэг нь тусгагдана. Эхлэн ажиллаж байгаа багш нар хичээлийн нилээд дэлгэрэнгүй конспект бичих хэрэгтэй байдаг.

Конспектод дараах зүйлсийг тусгана.
ü  Заах сэдвийн төлөвлөлтийн дугаар
ü   Хичээлийн сэдвийн нэр, заах анги
ü  Сургах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх зорилтууд
ü  Хичээлийн үе шатыг дэс дараалан заасан бүтэц, зарцуулах хугацаа
ü  Сурагчдад эзэмшүүлэх материалын агуулга
ü  Хичээлийн хэсэг бүрд сурагчдын хийж гүйцэтгэх үйлүүд, тэдний эзэмших сурах арга барил болон багшийн ашиглах арга барил
ü  Хичээл дээр хэрэглэх сургалтын хэрэгсэл
ü  Гэрийн даалгавар Хичээлд бэлтгэх нь сургалт-хүмүүжлийн тодорхой нөхцөлд тохирсон арга, хэрэгсэл, хэлбэр зэргийг оновчтой сонгон төлөвлөх үйл ажиллагаа юм. Оросын сурган хүмүүжүүлэгч М.Н.Скаткин, И.Я.Лернер нар хичээлд бэлдэх үйл ажиллагаа нь 5 үе шаттай явагдана гэж үзжээ.
1.      Сургалтын төлөвлөгөө, тухайн хичээлийн хөтөлбөр зэргийг судлах
  1.  Хичээлд ашиглах сурах бичиг, сургалтын материал, заах арга зүйн ном зохиолыг судлах
  2.  Хичээлээр сурагчдад эзэмшүүлэх үндсэн ухагдахуун, үзэл санаа зэргийг өөрийн болгох.
  3.  Хичээлийн явцад хэрэглэх арга, хэрэгсэл, бусад зүйлийг бэлдэх
  4.  Хичээлийн төлөвлөгөөг бэлдэж боловсруулах.

Орчин үеийн хичээл, түүний зорилт
Орчин үед хичээл нь хүүхдийг сургах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх үүрэг, зориулалтаа биелүүлэхийн тулд багш бүтээлчээр ажиллах, хичээлийн технологийг уян хатан болгох, олон хувилбартайгаар боловсруулах хэрэгтэй болсон.
Ер нь хичээл бол олон бүрэлдэхүүн хэсэгтэй, тэдгээр нь янз бүрээр хосолдог нийлмэл үзэгдэл иймээс хичээл болгон дээр Жишээ нь: сурагчдыг заавал асуух хэрэгтэй юу? Сурагчдад заавал дүн тавих хэрэгтэй юу? Сурагчдад заавал гэрийн даалгавар өгөх хэрэгтэй юу? гэх мэт олон асуултыг багш нэр уян хатан зарим үед хүүхдүүдтэй хамтран шийдэх шаардлагатай болжээ.
Өнөөдөр яавал хичээл бүрийг өөрийн өнгө аястай, хүүхдэд илүү сонирхолтой, багш сурагчдын хамтын үйл ажиллагаа болгох вэ? Гэсэн асуулттай багш нар тулгарч байна. Аливаа хичээл юунаас эхлэх вэ?
Юуны түрүү багш хичээлийг яах гэж орж байгаа зорилт, түүнийгээ оновчтой томъёолохоос хичээл эхлэнэ. Багш хүн бүр ямар нэг тодорхой сэдвийг заахын өмнөх бэлтгэл үед” энэ хичээлийг үзсэнээр хүүхэд эцэст нь юу мэдэг, чаддаг болсон байх вэ? гэж заавал боддог, түүнийгээ хичээлийн явцад нэг ч хором мартахгүй хэрэгжүүлж чаддаг байх хэрэгтэй.
Зарим туршлагатай багш нар энэ хичээлийн эцэст хүүхдийн ухамсар, биеэ авч явах байдал болон харьцаа хандлага. Үнэлэмжид чухам ямар зүйлс өөрчлөгдөх вэ? гэдгийг нарийн төлөвлөж хичээлээ бэлдэж заадаг. Эдгээр зүйлд чиглүүлж хичээлийнхээ зорилтуудыг маш тодорхой томъёолж чаддаг учраас хичээл нь үр дүнтэй болдог байна.
Хичээлийн зорилтыг яаж томъёолох вэ? гэсэн энгийн юм шиг мөртлөө энгийн бус асуултанд хариулах гэж оролдъё. Эхлээд зорилт гэж юу? гэсэн утгатай ухагдахуун болохыг тодруулъя.
Зорилт гэдэг бол тодорхой нэгж үйл ажиллагааны эцэст ямар үр дүн гарахыг урьдчилан төсөөлсөн ойлголт юм.Ингэвэл хичээлийн зорилт бол тодорхой насны сурагчийн мэдлэгийн түвшинд, бие дааж сурах, сэтгэн бодох чадвар, биеэ авч явах байдалд, бусадтай харьцах харьцаанд, аливаад хандах хандлагад /ухамсартай/ нэгэн зэрэг гарах өөрчлөлтүүдийг урьдаас төсөөлж төлөвлөх ба эдгээрт хүрэх арга замыг аль болох онож сонгож авах явдал юм.
ЕБС-ийн зарим нэг багш нар хичээлийн сэдэв болон хичээлийн зорилт хоёрыг ялгахгүй ижил мэт ойлгох явдал тааралддаг. Тэгэхлээр ийм багшийн хичээл ямар үр дүнтэй болох нь мэдэж хэрэг. Мөн зарим багш нар өөрийн хийж гүйцэтгэх сургах болон хүмүүжүүлэх үйлүүдээр дамжуулж хичээлийн зорилтыг тодорхойлох нь олонтоо ажиглагддаг. Ийм хичээл дээр мэдээж багш идэвхтэй байх ба сурагч гүйцэтгэгч болно. Эдгээр хоёр зүйл нь хичээлийн төдийлөн амжилттай болгодоггүй учраас эхнийхийг засч залруулах, дараагийнхаас зайлсхийх хэрэгтэй. Тэгвэл хичээлийн зорилтыг яаж тодорхойлох вэ? Хичээлийн зорилтыг оновчтой тодорхойлоход ямар хүчин зүйлийг харгалзах хэрэгтэй вэ? гэсэн асуулт багшийн өмнө урган гарна.
Орчин үед сургалтыг /хичээлийн мөн адил/ шавь төвтэй болгох тухай их ярьж бичих болсон. Иймээс хичээлийг шавь төвтэй болгох бол багш бүрийн зорилт мөн. Хичээлийг шавь төвтэй болгох гэдэг бол хичээлийн явцад хүүхдийг олон төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй татан оруулна.Хүүхэд сурах хүмүүжих хөгжих үйлүүдийг өөрөө ухамсартай хийж гүйцэтгэнэ /ярих, бодох, унших, зурах, найруулан бичих/ хүүхэд үзэх, хийх зүйлээ өөрөө сонгоно, хүүхдүүд хамтран ажиллана. Хоорондоо чөлөөтэй харьцана, мэдэхгүйгээ бусдаас асууна, шийдвэр гаргана. Айх, эмээх зүйлгүй байна гэсэн үг юм. Эдгээр зүйлийг харгалзан багш хичээлийнхээ зорилтуудыг тодорхойлно.
Тухайлбал хичээл дээр сурагчдын хийж гүйцэтгэх үйлүүдээр дамжуулж хичээлийн зорилтыг тодорхойлж болох юм. Жишээ нь: унших хичээлээр “Сурагчдад уншсан эхийн төлөвлөгөө хийх арга барил эзэмшүүлэх” гэсэн зорилт дэвшүүлж болно. Байгалийн ухааны хичээлээр “Сурагчдад байгалийн юмс үзэгдлийг харьцуулан жиших /ажиглах.../ арга барил эзэмшүүлэх” гэх зэрэг тодорхой зорилт дэвшүүлбэл үр дүн нь илүү тодорхой болно. Үүнээс үзэхэд багш хичээлийн явцад сурагчийн хийж эзэмших үйлүүдийг зохион байгуулж удирдах явдал их чухал болж байна. Энэ нь урьдынх шиг бэлэн мэдлэг олгохоос хэцүү нарийн ажиллагаа шаарддаг боловч хүүхдийг хөгжүүлэх илүү нөлөөтэй юм.


No comments: